Хавтаст хэрэг: Цуврал № 2– Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулахаасаа өмнө ингэж мэдүүлэв

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр

  1. УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат,
  2. УИХ-ын гишүүн асан Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор,
  3. Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал,
  4. Зам тээврийн сайд асан Д.Ганбат,
  5. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд,
  6. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам,
  7. “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Санжаадорж нар жил дамнан АТГ-т шалгагдсан. Тэдний гэм буруутай гэж 2020-08-27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн. Бид уг хэрэгт хэн хэн ямар оролцоотой байсан, тэд энэ хэргийн талаар юу гэж мэдүүлсэн, шүүхээс тэдэнд ямар үндэслэлээр ял оноосон болохыг цувралаар хүргэж байна. Эхний цувралаар дээрх долоон хүн ямар хэрэгт буруутгагдсан талаар бэлтгэсэн. Хоёр дахь цувралаараа Д.Эрдэнэбат өөрийг нь буруутгасан хэргийн талаар хэрхэн мэдүүлснийг хүргэж байна.

Д.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“…Засгийн газар нь Оросын Холбооны Улсын 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй боловч төсөв санхүүгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдал, Эрдэнэтийн 51 хувийг төр нэгэнт эзэмшиж байгаа тул хувьцааг Монгол Улсын хуулийн этгээд худалдан авч буй нөхцөл байдлыг харгалзан давуу эрхээсээ татгалзсан. Оросын Холбооны Улсын Ростехийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн РТ-52 дугаартай албан тоотоор ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэх танилцуулга бэлтгэсэн гэх дүгнэлт гаргажээ. 2016 оны 06 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулахаар үйлдвэр эрхэлсэн сайдын хувьд надад танилцуулах эрх, үүргийг өгсөн гэдгийг би мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас бэлтгэсэн танилцуулгыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын гишүүний хуулиар хүлээсэн үүргийн хувьд танилцуулсан. 2016 оны 08-ны өдрийн албан бичгээр Эрдэнэтийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид хэлэлцүүлж өгөх гэж энэ зүйлд оржээ. Засгийн газрын 330 дугаар тогтоол азтай эзтэй сонин тогтоол болсон. Энэ тогтоолын хүчээр монголчууд Эрдэнэтийн 100 хувийг эзэмших эрхийг олж авсан. Эз гэвэл өнөөдрийн улс төржсөн нөхцөл байдлаас үзэхэд намайг Эрдэнэтийн 49 хувийн асуудалд бүлэглэж оролцсон гэж яллахыг оролдож байна. Тухайн үед буцаан алдчих вий гэх болгоомжлол хувь хүний хувьд надад байсан. Яагаад гэвэл 49 хувийн асуудлыг дахин хэлэлцэх боломж Монгол Улсад орж ирэх үү, үгүй юу гэдэгт болгоомжлол байсан. Засгийн газрын хуралдааны журамд зарим нь санал авалгүйгээр асуудлаа хэлэлцүүлэхээр оруулсан гэж намайг буруутгаж байна. Засгийн газрын хуралдааны журамд санал авалгүйгээр асуудлаа хэлэлцүүлэхээр оруулах нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Энэ хуралдаан хаалттай, нэн яаралтай журмаар Засгийн газрын хуралдааны журмын дагуу хуралдсан юм. Энэ өдөр Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу би өөрийнхөө хариуцаж байсан сайдын хувьд Засгийн Хэрэг Эрхлэх газарт энэ танилцуулгыг хийх албан тоотыг явуулсан. Энэ албан тоотыг Засгийн Хэрэг Эрхлэх газар хуулийн дагуу хянан үзээд үүнийг Засгийн газрын хуралдаанд оруулсан гэж би ойлгож байна.

Мөн албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын их хуралд танилцуулж шийдвэрлүүлэлгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаагүйгээр 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраар хэлэлцүүлж, Монгол Улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолоор “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар шийдвэр гаргахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Эрдэнэбилэг, мөн банкны гүйцэтгэх захирал н.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ны удирдах зөвлөлийн дарга Мөнхбаатар, мөн компанийн гүйцэтгэх захирал Пүрэвтүвшин нартаа бүлэглэн үйлдэж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д эдийн засгийн давуу бий болгосон үйлдлийг хамтран зохион гэж дүгнэлт гаргажээ.

2016 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд би өөрийн биеэр оролцоогүй. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн гэх дүгнэлт хийжээ. Засгийн газрын тухай хуульд Улсын Их хурлаар оруулах Засгийн газрын төслийг Ерөнхий сайдын зөвшөөрснөөр хуулийн төсөл болгон Улсын Их хуралд өргөн барьдаг. Үүнийг Засгийн газрын тухай хуульд тодорхой дурдсан. Улсын Их хурлын сүүлийн хуралдаан 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болсон. 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан бол энэ хуралдаан завсарласнаас хойш 2 долоо хоногийн дараа болсон хуралдаан юм. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн сүүлийн хуралдааныг дахин зарласан боловч ирц хүрээгүй. Энэ талаарх баримт хэргийн материалд байгаа байх. Харин хуралдаан хуралдаагүйгээс болж Улсын их хурлын дарга чуулганыг завсарлуулах захирамжийг 2016 оны 05 дугаар сарын 24-нд гаргасан нь нотлох баримтаар баталгаажсан байна. Улсын их хурлын чуулган нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш дахин хуралдах боломжгүй байсан учраас Улсын Их хурлын дарга 05 дугаар сарын 24-ний өдөр захирамжаа гаргасан байдаг. Тухайн үед Улсын Их хурлын гишүүдийн 90 хувь нь сонгуульд нэр дэвшээд байхгүй байсан нь энэ үетэй давхацсаныг онцолж хэлэх нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэрт Засгийн газрын гишүүн гарын үсэг зурах үүрэгтэй. Үүнийг хаана ч дурдаагүй орхигдуулсан байна. Би хэдийгээр Засгийн газрын хуралдаанд оролцоогүй боловч 11 гишүүн оролцож Засгийн газрын хамтын шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газрын хамтын шийдвэр бол хэн нэгэн сайдаас хамаарах зүйл огт биш, үүнийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Хэрвээ Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн бол Засгийн газар эсхүл Улсын Их хурал хүчингүй болгоно гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг яллах гээд байна уу эсвэл Д.Эрдэнбатыг яллах гэж байна уу гэх ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан зүйлүүдийг сонсоход Засгийн  газрын асуудлыг ярихаас биш Д.Эрдэнбат миний асуудлыг тодорхой ярьсангүй. Ялангуяа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан талаарх ямар ч нотлох баримтыг сонссонгүй. Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Засгийн газрын хуралдаанд төсөл, танилцуулга оруулах нь Засгийн газрын гишүүнийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг. 6 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу би танилцуулгыг хийсэн. Энэ танилцуулгыг хийсэн болохоос ямар нэгэн шийдвэр гаргахад оролцоогүй. Тухайн өдрийн хуралдаан дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлэхдээ давуу эрхээсээ гишүүнийхээ хувьд татгалзах нь зүйтэй гэх ямар ч санал санаачилгыг оруулаагүй. 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааныг Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Улсын Их хуралд оруулах нь зөв үү үгүй юу гэдгийг хянан үзэхээр дахин ажлын хэсэг нэмж байгуулж асуудлыг хуульд нийлцүүлэх Ерөнхий сайдын санаачилгаар энэ хуралдааныг хойшилсон. Энэ хуралдаан завсарлаагүй хойшлуулсан. Миний бие 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан дээр танилцуулга хийж, 06 дугаар сарын 10-ны өдрөөс Сэлэнгэ аймагт Улсын их хурлын сонгуульд нэр дэвшин өөрөө явсан. Энэ нь талаарх баримтыг өмгөөлөгч нараас өнөөдрийн шүүх хуралдаан дээр өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрт гарын үсэг зурах нь миний Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Тухайн үед би өөрөө байгаагүй учраас туслахаараа хэлүүлэн албажсан тогтоолын төсөлд өөрийнхөө дардсыг даруулж явуулсан байгаа. Миний дардасны хуулбарыг нотариатаар батлуулж нотлох баримт болгон шүүхэд хүргүүлсэн. Засгийн газрын хуралдаанд тогтмол оролцож саналаа чөлөөтэй илэрхийлэх нь миний сайд болсны хувьд үүрэг юм. Энэ утгаараа Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулга төслөө хийж явсан гэж ойлгож болно. Энэ хуралдаанд танилцуулга оруулахад би хэн нэгэн хүнтэй үгсэн тохиролцоогүй, хэн нэгэнд дарамт шахалт, ямар нэгэн үйлдлийг үзүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Ерөнхий сайдын бодлогыг Засгийн гишүүн баримтлах ёстой гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой танилцуулгын асуудлыг Ерөнхий сайд бодлогынхоо хүрээнд Аж үйлдвэрийн сайдад энэ чиглэлийн үүрэг өгсөн гэж ойлгодог. Хууль зөрчиж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн гэжээ. Миний бие Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газарт албан бичиг явуулахад Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын хуралдаанд оруулах танилцуулга нь хууль зөрчсөн үү, үгүй юу, хуралдаанд оруулах уу, үгүй юу гэдгийг Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын дарга өөрөө нотолсон байж оруулдаг хуультай. Би энэ хуулийг хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5-д хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй. Бусад байгууллага, албан тушаалтан, иргэд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болно гэснийг Ерөнхий сайд мөрдөж надад үүрэг өгсөн гэж ойлгож байна. Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 9-д Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох хүмүүс хянаж үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаан оруулахыг зөвшөөрнө гэж заасан. Тиймээс Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар хянаж үзээд хуралдаанд оруулахыг зөвшөөрсөн. Хамтран зохион байгуулсан, бүлэглэсэн гэх зүйл яригджээ. Дээр дурдагдсан нэр бүхий хүмүүстэй уулзахыг Ерөнхий сайд үүрэг өгснөөс бусад тохиолдолд уулзах шаардлага байгаагүй.

Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар болон бусад асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой огт уулзаж байгаагүй. Мөн түүнчлэн “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-г анх удаа танилцуулга дээр сонссон. Зарим хүмүүсийг нь ажил хэргийн хувьд танина гэдгээ үгүйсгэхгүй.

Ерөнхий сайдын үүрэг өгсөн чиглэлийн дагуу энэ асуудлыг хуралдаанд оруулж танилцуулаад хуралдааныг дуусгалгүй, дараагийн хуралдаанд орж амжилгүй явсан нь протоколд заавал туссан байх ёстой гэж бодож байна. Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эрдэнэбилэг гэх хүнийг ажил төрлийн хувьд танина. Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үед Аж үйлдвэрийн зөвлөлд энэ хүн ажиллаж байсны хувьд бид бүхэн Монголын аж үйлдвэрийн төлөө хамтран санаа бодлоо бодлогын хувьд ярилцаж байсан нь үнэн, гүйцэтгэх захирал Орхоныг танина. Энэ хүнийг Худалдаа хөгжлийн банкны захирал байхаас нь таньдаг. Энэ хүнтэй хувийн эрх ашгийн үүднээс нэг ч удаа ярилцаж байгаагүй. Ялангуяа Эрдэнэтийн 49 хувийг худалдан авч буй компанийн талаар нэг ч удаа уулзаж, ярилцаж байгаагүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Мөнхбаатар гэх хүнийг би сайн танихгүй. Аж үйлдвэрийн сайд байхдаа энэ хүнтэй 1-2 удаа уулзаж байсан нь бүдэг бадаг санагддаг. Гүйцэтгэх захирал Пүрэвтүвшин гэх хүнийг би огт танихгүй. Тиймээс учраас улсын яллагчаас бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх ухагдахуунаар яллаж байгаа нь миний гайхширлыг төрүүлж байна. Аливаа авлига, тушаалын хэрэг нь өөрийнхөө хувийг эрх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх, хэн нэгэнтэй үгсэн авлига өгөх, авах тухай ярилцсан эсвэл болзол тавьсан зэрэг зүйлүүдээр нотлогдох ёстой. Нотлогдоогүй бөгөөд хангалттай тогтоогдоогүй баримтаар хүнийг яллана гэдэг бол өөрөө хилс хэрэг юм. Миний байр суурийн хувьд энэ асуудлыг хуулийн дагуу хэрэгжүүлсэн цаг хугацааны хавчуургад буцаагаад алдчихгүй юм сан гэх дотоод итгэл байсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байсныг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харж болно. Оросын холбооны улсаас ирсэн гэрээ, албан бичигт энэ төлбөрийг 12 хоногийн дотор багтаан хийх тухай асуудал байсан. Уг төлбөрийг Монгол Улс 12 хоногийн дотор хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байсан. Хэдийгээр миний бие хуралдаанд оролцоогүй, санал өгөөгүй ч гэсэн Засгийн газрын гишүүний хувьд гаргасан тогтоолд гарын үсэг зурсан. Энэ тогтоол дээр эерэг, сөрөг хоёр зүйл бий болсон гэдэгт санал нэгддэг. Хэрвээ би тухайн үед байсан бол Улсын их хурлын хуралдаанаар оруулах ёстой гэсэн хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэх байсан. Гэхдээ Улсын их хурлаар шийдвэрлэх тохиолдолд Засгийн газар албан ёсоор өөрийнхөө шийдвэрийг гаргах ёстой байдаг. Улсын их хурлаар оруулах Засгийн газрын шийдвэр гараагүй, харин Засгийн газрын тэмдэглэлд их хурал завсарласан боловч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнбат Их хуралд танилцуулах гэсэн үүргийг тэмдэглэлээр өгсөн байдаг. Энэ нь миний Улсын их хуралд танилцуулах бүрэн эрхийг хуулиар нээж байгаа асуудал биш юм. Хэрвээ Засгийн газрын тогтоолд их хурлаар танилцуулаарай гэсэн шийдвэрийг тусгасан бол би танилцуулаагүйн хариуцлагыг хүлээхэд бэлэн байсан. Харамсалтай нь тийм зүйл болоогүй гэдгийг бүгд мэдэж байгаа.

Концессын талаар: “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижирийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газарт 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр тогтоолын төсөл танилцуулахыг хүргүүлэх гэж 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Кью Эс Си” ХХК-ийн талаар төмөр замын концессыг өөрчлүүлэх асуудлыг оруулан танилцуулж, улмаар уг танилцуулгын хүрээнд 09 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас концессын зүйлийг барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх 364 дүгээр тогтоол гаргахад оролцсон. Хэргийн материалд нотлох баримт болгож Засгийн газрын Ерөнхий сайдын захирамжийг өгсөн. Захирамж дээр 317 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хяналт тавих үүргийг надад өгсөн. Концессын асуудлаар хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлын эрхлэх ажлын хүрээ бол Аж үйлдвэрийн сайдын асуудал биш. Энэ нь Засгийн газрын Ерөнхий сайдын эрхлэх ажлын асуудал гэдгийг Засгийн газрын тухай хуульд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын газар энэ бүх асуудлыг Ерөнхий сайдтай зөвшилцөж гол бодлогынхоо асуудлыг авч явдаг. Үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах ажлыг Хөрөнгө оруулалтын газар хариуцдаг. Би Аж үйлдвэрийн сайдын хувьд хяналт тавихдаа тухайн хэрэгжиж байгаа хууль болон Засгийн газрын тогтоол биелэгдэж хангагдсан уу гэдэгт хяналт тавихаас үнэ мөнгөнд хяналт тавьдаггүй. Хөрөнгө оруулалтын газраас албан ёсоор бэлтгэсэн ажлын хэсгийн ажилласан энэ танилцуулга, тогтоолын төслийг би сайдынхаа хувьд Засгийн газрын тухай хуулийн дагуу хэлэлцэх асуудлыг уламжлан тавьж, Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаж байсан. Үүнийхээ хүрээнд би Засгийн газрын хуралдаанд танилцуулга оруулж концессын тухай асуудлыг шийдвэрлүүлдэг байсан. Энэ концессын тухай асуудал би оролцож тооцооллыг тусгадаг хүн биш. Энэ бол тусдаа байгууллагатай. Тухайн байгууллага нь өөрийн дүрэм, журамтай. Асуудлаа бэлтгэж надаар уламжлуулан Аж үйлдвэрийн сайдад хянуулаад Засгийн газрын хуралдаанд оруулдаг. Түүнээс гадна 364 дүгээр тогтоол гаргахад оролцсон гэжээ. Би оролцох үүрэгтэй. Би ямар ч тогтоол, хууль батлахад Засгийн газрын хуралдаанд оролцох нь миний үүрэг юм. Би үүргийнхээ дагуу оролцож танилцуулга хийсэн. Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг байгууллага болохоос хэн нэгэн сайдын өгсөн танилцуулгыг шүүрч аваад, хэн нэгэн сайдын оролцсон, оролцоогүй асуудлаар дүгнэлт гаргадаг байгууллага биш гэдгийг би дахин сануулж хэлье. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт Засгийн газрын хуралдаанд засгийн гишүүн тогтмол оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэж заасан. Би энэ заалтын дагуу ажилласан. Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Засгийн газрын хуралдаанд төсөл танилцуулах, төсөл танилцуулахаар оруулах бүх бэлтгэл ажлыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажилладаг Хөрөнгө оруулалтын газар биечлэн хариуцдаг. Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй. Бусад байгууллага, албан тушаалтан, иргэд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болно гэх заалтыг Хөрөнгө оруулалтын газар ханган биелүүлж ажилласан. Аливаа Засгийн газрын хуралдааны шийдвэр Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар олонхын саналаар шийдвэрлэдэг хуультай. Шийдвэр хууль тогтоомжид нийцэх байгаа эсэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нотлох хуулийн зохицуулалттай. Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулан гаргах үүрэгтэй. Мөн түүнчлэн Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлд концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай заасан. Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрээний талууд харилцан тохиролцож концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж хуульчилсан. Мөн түүнчлэн Концессын тухай хуулийн 23 дугаар зүйл 2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт санхүү, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн бол концессын тухай хуульд өөрчлөлт оруулж болно гэж заасан. Энэ заалтын дагуу Хөрөнгө оруулалтын газар 364 дүгээр тогтоолыг өөрчлөх тухай саналын асуудлыг Засгийн хуралдаанд оруулж шийдвэрлэсэн. Үүнийг хуулийн дагуу бүрэн гүйцэд хийгдсэн гэж үзэж байна.

Төмөртэйн ордоос “Болд Төмөр Ерөө гол” ХХК нь төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 километр зам байгуулах терминалыг албан ёсны үнэлгээ тогтоогоогүй. томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гаргаагүй, батлагдсан ТЭЗҮ тогтоогоогүй, төмөр зам барих зураг төслийн ажилд ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй байхад Монголын Төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбатын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/165 дугаартай концессын зүйлийг хүлээн авах тухай гэсэн “Кью Эс Си” ХХК-ийн барих, шилжүүлэх төрлөөр барьж гүйцэтгэсэн 36.56 километр бүхий дэлгэмэл урттай төмөр замыг терминалын хамт 112.62 ам доллароор тооцон “Монголын Төмөр зам” компани шилжүүлэн авч болно гэх утга бүхий албан бичиг, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижирийн 2016 оны өдөр 02 дугаар сарын 19-ны өдрийн 01/15 дугаартай концессын зүйлийг бодит хөрөнгө оруулалт тооцох тухай тэргүү бүхий албан тоот, “Монгол Төмөр” зам төрийн өмчит компанид хөрөнгө оруулах тухай ачиж буулгах терминалын хамт шилжүүлэх болсон тул Засгийн газрын 77 дугаар тогтоолын 3 дахь заалт, Концессын гэрээний 1.1 дэх заалт, бодит хөрөнгө оруулах заалтыг тус тус санхүүжүүлэх зардал болон 5.78 сая долларын ажил гүйцэтгэх гэрээн дээр нэмж нийт 112.6 сая ам долларыг концессын гэрээний дагуу бодит хөрөнгө оруулалтыг тооцож баталгаажуулах концессын төлбөрийг уг тогтоолын дагуу санхүүжүүлэн ашиглахаар авч болохыг хүсье гэх утга бүхий албан байгууллагад дурдагдсан үнийн саналын 112.6 сая ам долларын үнийн дүнгээр хүлээн зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сангийн сайд Б.Болорт 01/519 тоот концессын зүйл хүлээн авах тухай концессын гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэн тооцсон концесс эзэмшигчийн бодит хөрөнгө оруулалт нийт 112.6 сая ам доллар байна. Концесс эзэмшигчийн хөрөнгө оруулалтын тооцооллыг хавсаргав. Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3 дахь заалтын дагуу концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн бодит хөрөнгө оруулалт болох 112.6 сая ам долларыг улсын төсөвт тусгах эсвэл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар концессын төлбөрийг төлөх саналтай байна гэх албан бичиг, Б.Болор, Шижир, Д.Ганбат нартаа санаатай нэгдэж “Кью Эс Си” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан гэх хэргийн тухайд Аж үйлдвэрийн сайд хяналт тавих үүрэгтэй. Хяналт тавихдаа хууль тогтоомж хэрэгжсэн үү, үгүй юу гэх асуудлаар Би албан бичигт Засгийн газрын шийдвэр, гэрээний үндэслэлийг тусган яг тэр үг хэллэгээр нь албан бичгийг явуулсан. Энэ албан бичгийн үндэслэл нь дороос ирсэн албан бичгийн үндэслэл, тооцоолол дээр үндэслэгдэж явсан. Тэгэхдээ би энэ албан бичгийг албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийнхөө санаачилгаар өөрөө дур мэдэн хийгээгүй. Энэ албан бичгийг Хөрөнгө оруулалтын холбогдох газар, манай яамдын холбогдох газрууд өөрсдөө үзэж хянаад надад албан бичгийн төсөл боловсруулж ирээд гарын үсэг зуруулдаг. Би сампин ашиглаж тооцоо боддог хүн биш, өөрийнхөө доод хүмүүст итгэж ирсэн бичгүүд нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж үзээд гарын үсэг зураад уламжилдаг. Аливаа нэгэн санал нь сайдын шийдвэр биш, намайг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад олон бичгүүд ингэж гарсан. Үүнийг тэр бичгүүдийн нэг нь л гэж хардаг. Надад хамтран зохион байгуулах эсвэл санаатай нэгдэх ямар ч үндэслэл байхгүй. Би Б.Болорыг танина. Бид хоёр кабинетын сайдууд байсан. Д.Ганбатыг танина, нэг Засгийн газарт ажиллаж байсан. Харин Шижир гэх хүнийг нэг ч удаа хараагүй, огт уулзаж байгаагүй. Би доод албан тушаалтнуудад дандаа итгэж ажилладаг байсан. Зарим зүйл дээр хайнга хандсан байж магадгүй. Тийм учраас шууд Д.Эрдэнбат намайг буруутгах үндэслэл байхгүй. Хэргийн материал дотроос харахад хүмүүсийн мэдүүлэгт ажлын хэсэг тодорхой холбогдох газрууддаа ажилласан нь нотлогдож байна. Энэ хүмүүс юмаа бэлдэж надаар дамжуулж өгдөг байсныг мэдүүлэгтээ дурдсан байна. Би өөрийнхөө дур зоргоор эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ажилласан зүйл нэг ч байхгүй. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье. Санаатай нэгдэнэ гэдэг нь ямар нэгэн хэмжээгээр хуйвалдсан, тохирсон, өглөг, авлага ярьсан эсвэл би дураараа хэн нэгнийг дарамталсан, хийхийг шахсан, дарамталсан байхыг ойлгоно. Ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийгээгүй, тийм байх боломжгүй, үндэслэлгүй гэдгийг дурдах нь зүйтэй гэж бодож байна. Сайд Засгийн газрын хуралдаанд төслөө танилцуулдаг. Төсөл нь шийдвэр болж гарахаараа заавал биелүүлэх үүрэг болж хувирдаг. Энэ үүргийн дагуу сайдын хувьд хяналтаа тавьж ажилласан гэдгээ хэлэх нь зүйтэй гэв”

Бид дараагийн цувралд Сангийн сайд асан Б.Болор, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат болон бусад ялтанууд шүүхийн шатанд хэрхэн мэдүүлсэн талаар хүргэх болно.

 

Холбоотой мэдээлэл

Хавтаст хэрэг: Цуврал № 1- Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулсан хэрэг

Бэлтгэсэн Т.Энхриймаа