Та бүхэндээ л гэж хэлэхэд хүн бүрт шидэт хамгаалалт байдаг. Үүнийгээ мэдэрч, ойлгож, шийдвэр гаргахдаа ашиглаж чадвал таныг сэтгэл хангалуун амьдрахад үнэхээр тустай.

Амьдралын шуурганд өртөхөд танд дахин босож ирэх хүчийг эдгээр хамгаалалт өгөх болно. Нүдэнд үл үзэгдэх 7 хамгаалалтын давхарга. Солонгын 7 өнгө мэт өөр өөр илэрхийлэлтэй, таны бүрхүүл.

Ингээд таны эхний хамгаалалт бол Хайрын хамгаалалт.

Энэ нь та өөрөөсөө эх авсан, эсвэл хэн нэг нь тань руу цутгадаг ямар ч хайр байж болно. Зөвхөн хайртай хосуудын хайр биш. Эцэг, эх, эмээ, өвөө, үр хүүхэд бүүр гэрийн тэжээвэр амьтан чинь байсан ч болно. Гол нь та бүхэн хувиршгүй сэтгээл биесээ харилцан хайрладаг. Хайраас та хариу төлбөр тооцоо хүлээх хэрэггүй. Зүгээр та хэн нэгнийг чин зүрхнээсээ хайрладаг, бас хайрлагддаг байхад л танд хүч өгөх хайрын хамгаалалт бий болсон байдаг.

Хамгаалалтын 2 дахь давхарга бол Итгэлийн хамгаалалт.

Сахиусан тэнгэр гэж байдаг, хүнийг зөв замд чиглүүлдэг, дээрээс тусалдаг гэж итгэдэг, тэнгэр харлаа гэж талархдаг тийм хүмүүст Итгэлийн хамгаалалт байдаг. Учир нь тийм хүмүүс санаатайгаар муу үйл хийдэггүй, өөртөө бас ирээдүйн сайн сайханд итгэж явдаг амархан цөхөрдөггүй сэтгэлийн тэнцвэртэй хүмүүс байдаг. Ямар шашин шүтдэг байснаас үл хамааран итгэлийн хүч таныг хамгаалж явдаг.

Тусын хамгаалалт.

Та өөрийн мэдлэг, ур чадвар, боломжоороо хэн нэгэнд хэрэгтэй байх, хэн нэгэнд тус хүргэх нь танд хамгаалалт болдог. Мэдээж, хэр их хэмжээний хэрэгцээ, тус байхаас үл шалтгаална. Зүгээр л та үр хүүхэддээ хэрэгтэй байх, найз нөхөд, ах дүү ойр дотны нэгэндээ хэрэгтэй байх нь танд хамгаалалт болж байдаг юм. Хэнд ч хэрэггүй, тусгүй “үхсэн” мэт битгий амьдраарай.

Хүрээллийн хамгаалалт.

Ийм хамгаалалт зөвхөн хамт олон дунд биш, хаана ч байж болно. Санаа, зорилго нэгтэй, хоорондын зөрчил, тэмцэлгүй хүмүүсийн дунд үүсдэг харилцааны хамгаалалт юм. Сайн энерги төвлөрч, хамт байхад таатай байх орчин. Гэр бүл, хамт олон, найз нөхөд, нэг зорилгын дор нэгдсэн компани эсвэл ярилцахад таатай байдаг бүлэг хүмүүс гээд хаана ч байж болохоос гадна та бүхэн бүрдүүлэх боломжтой хүрээлэл юм.

Туршлагын хамгаалалт.

Энэ хамгаалалт биднийг маш сайн хамгаалдаг бас эрүүл саруул ухааныг бэхжүүлж, хадгалж үлдэхэд тусалдаг. Мөн энэ төрлийн хамгаалалт хүчний нөөцтэй байдаг. Хагацал, гарз, хохирол, бүтэлгүйтлийн дараа хөл дээрээ дахин босож ирэх хүчийг бидэнд туршлагын хамгаалалт өгдөг.

Нөөц хамгаалалт.

Энэ бол алсын харааны хамгаалалт гэж хэлж болох хамгаалалт юм. Учир нь та амьдралын төлөвлөгөөндөө маргаашийн өдрөөс эхлээд ойрын хэдэн жилийн алсын хараагаа төлөвлөдөг биз дээ. Чухам үүн дотор чинь нөөцийн хамгаалалт орчихсон байдаг билээ. Хүнд үе тулгарахад танд гүүрэн гарцыг нээх хамгаалалт, нөөц төлөвлөгөө юм.

Өвөг дээдсийн хамгаалалт.

Энэ бол өвөг дээдсээ хүндлэх сэтгэлээс үүссэн хамгаалалт. Хүчирхэг хамгаалалт. Тэднийг хэн байсныг та чадах хэрээрээ судалж мэдэхийг эрмэлзээрэй. Бас алдаатай, оноотой тэдний туулсан замыг хүндэтгэх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс дунд хэн нэг маш эрэлхэг, өөр нэг нь сайхан сэтгэлтэй, өөр нэг нь өндөр боловсролтой байсан байж болно. Ямартай ч үр хүүхэд нь болсон бид илүү сайн сайханд тэмүүлж, зорих учиртай. Өвөг дээдэс маань муу үйл хийсэн байсан ч бидэнд тэднийг яллаж, буруутгах эрх байхгүй юм. Харин бид тэдний алдааг давтах ёсгүй юм шүү. Ингэснээр бид өвөг дээдэстэйгээ эерэг холбоо тогтоож, тэдний хамгаалалт биднийг ивээдэг.

​Ийм 7 хамгаалалтын давхарга бидний гэрлэн бүрхүүлийг үүсгэж, биднийг хамгаалдаг. Тэгэхээр та өөрийн хамгаалалтаа бэхжүүлж, өөрийн сайн сайхнаа бүтээгээрэй. Бусдад мууг хүсэхийн оронд өөртөө сайн сайхныг хүсэх нь амьдралдаа сайн сайхан зүйлс орж ирэх замыг нээж байдаг юм шүү.

​Таны шидэт хамгаалалтууд таныг үргэлж хамгаалж байх болтугай. Танд сайн сайхныг хүсье.

Сэтгэл зүйч Анна Валентиновна Кирьянова