Коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөөгөөр иргэд хадгаламжиндаа гар дүрж эхэлснийг Банкны холбооноос мэдээллээ.


Эдийн засагч Г.Батзоригийн танилцуулснаар цар тахлын үеийн хагас жилийн хугацаанд иргэдийн хэрэглээний зээлийн багц 17 хувиар буурчээ. Энэ хугацаанд

•​автомашины импорт 33 хувь

•​цахилгаан барааных 8 хувь буурсан байна.

Өөрөөр хэлбэл, удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүн зээлээр авахаас илүүтэй богино хугацааны бараа авч, харзнасан, хүлээлтийн байдалтай байна.

Иргэдийн зээл өнгөрсөн оны өдийгөөс буурсан бол байгууллагын зээл 2020 оны долдугаар сараас багасаж эхэлжээ. Харин үүний цаана хадгаламж барьцаалсан зээлийн хэмжээ 3 хувийн өсөлттэй байжээ. Өөрөөр хэлбэл, иргэд хадгаламж руугаа орж эхэлсэн байна. Энэ нөлөөгөөр хадгаламжийн хүү түүхэн доод хэмжээндээ буюу жилийн жигнэсэн дундаж хүү 11% болжээ.

Бас нэг онцлох үзүүлэлт нь валютын хадгаламжийн хэмжээ бараг 10% өсжээ. Хэдийгээр Монголбанк долларжилтыг сааруулах арга хэмжээ авч байгаа ч өнгөрсөн 2019 онд Монгол Улс Саарал жагсаалтад орсноос хойш төгрөгийн эсрэг чангарч эхэлсэн ам.долларын ханш коронавирусийн халдвартай холбоотой улам эрчээ авч, өнөөдөр валютын хадгаламж нийт хадгаламжийн 29%-д хүрч өссөн байна.

Ийнхүү ам.долларын жилийн өсөлт 50% болж, 4.3 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
Ийнхүү оны эхний хагас жилийн байдлаар арилжааны банкуудын нийт актив өнгөрсөн оныхтой харьцуулахад 1%-аар буурч, 34.3 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ий 95%-тай тэнцжээ.