Хаврын хаварт “Нөөцийн мах худалдаанд гарлаа” гэх мэдээлэл цацагддаг. Өнгөрсөн сарын 26-наас нийслэлд нөөцийн махыг худалдаалж эхлээд байгаа. Хаврын улиралд нийслэлийн хүн амын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 17 аж ахуй нэгжтэй мах бэлтгэх гэрээ хийснээс нийт 11 мянга гаруй тонн махны нөөцийг бүрдүүлээд байгаа гэж албаныхан мэдээлснээр энэ ажил эхэлсэн.

“Баатрууд тэнгэр”, “Мах Импэкс”, “Нүүдэлчин”, “Цалуут импекс”, “Цэц манхан” зэрэг 16 компани нөөцийн махыг 100 хувь бэлтгэж хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулж буй.
Гэхдээ коронавируст цар тахал, халдвар, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн онд худалдаж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700, үхрийн ястай мах 7700, ямааны махыг 6200 төгрөгөөр худалдаалж байна.

Нөөцийн махны талаар БЗД-ийн 9-р хорооны иргэн Г.Эрдэнэчимэг “Хоол хийж идэхэд цагаан, усан шөл гарч байна. Мөлжүүрээ ер өгөхгүй юм. Гэхдээ зах, худалдааны төвүүд дэх шинэ махыг бодоход хамаагүй хямд үнэтэй. Ядаж л хэдэн өдөр хоолтой хонох юм даа” гэв.

Бидний хэлж заншснаар Дэнжийн төвийн мах худалдаалдаг лангуугаар орлоо. Энд хонь, үхрийн мах худалдаалж байна. Үхрийн мах нэг килограмм нь 11,500, хонины мах 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгө үзэмжийн хувьд алагласан сайхан шинэ мах байв.


Адууны мах зардаг хэсэгт очвол 70 гаруй насны таяг тулсан хөгшин хэлэх үггүй болтлоо шогширч зогсохтой таарав. Тэгээд “Яасан бэ өвөө” гэтэл.“Урин цаг ирчихсэн байхад халуун чанарын гэгддэг. Адууны махны үнэ тэнгэрт хадаж нэг килограмм нь 14,500 төгрөг болсон гэнэ. Шүд ам муутай хөгшин хүнд өөх нь аятайхан харагдахаар нь ганц хавирга авчихъя гэж бодсон үнийг нь дийлэхгүй нь. Энэ коронавирус адууны махны үнийг ёстой тэнгэрт хөөргөчихөж. Халуун чанарынх болохоор ханиад томуунд сайн л гэдэг. Гэхдээ л ингэж ч амьтны халаас хоосолж болохгүй ээ ” гэв. Хөөрхий дөө, нээрэн л адууны маханд дургүй монгол хүн гэж юу байх билээ. Гэхдээ л хугархай хавирга 14,500 төгрөгөөр авна гэдэг арай чанга хэрэг.

Мөн адууны цул мах 14 500 төгрөгийн үнэтэй бол ястай мах нь 12 мянган төгрөгийн үнэтэй байна. Иргэд махны үнэ өссөн учраас бага хэмжээгээр худалдан авч байгаа тухай худалдагч нар ярьж байсан юм. Цар тахалтай холбоотой хот хоорондын хөдөлгөөн хорьж, хөл хорио тогтоосон болохоор малчид тэр бүр мал зарахгүй байгаа аж. Тэгээд ч цагийн цагт л махны үнийг цөөн хэдэн ченж барьдаг нь ор үндэсгүй зүйл биш. Энэ хаврын нэг онцлог нь шинэ мах тун ховор байгаа юм. Харин дайвар бүтээгдэхүүн өмнөх жилүүдийнхээс илүү их борлуулагдаж байгаа гэнэ. Өмнө нь иргэд “ядуусын хоол” гэж нэрлэдэг байсан бол одоо “эмчилгээнд сайн”, “биед дэмтэй” хэмээн үзэж байгаа бол зарим хэсэг нь худалдан авах чадвар унаснаас болж дайвар бүтээгдэхүүн сонгох нь нэмэгджээ.
Иргэд хонины элэг, зүрх, үхрийн гургалдай, гэдэс цувдай ихээр худалдан авч байлаа. Дайвар бүтээгдэхүүний хэсэгт үхрийн гургалдай 8500 төгрөгөөр худалдаалж байв. Хонины зүрх 8000 төгрөг болж үнэ нь өсжээ. Худалдан авагч өвөөгийн хэлснээр “Адууны махны үнийг тэнгэрт хөөргөсөн агаарын замаар сэлгүүцэгч цар тахал”- тай улирал юм даа.э