“Маск” продакшны захирал, МУГЖ Эрдэнэзаан гэргий Энх-Нарантайгаа оюутан ахуй цагаасаа дотносон ханилан суужээ. Түүний хайртай гэргий нь хөгжимчин, хөгжмийн багш мэргэжилтэй бүсгүй аж. Хосууд “Хосын жор” нэвтрүүлэгт орж, өөрсдийн амьдралд тохиолдсон баяртай жаргалтай үеүдээ үзэгч олонтойгоо хуваалцсан байна.

Энэ үеэр МУГЖ П.Эрдэнэзаан: Амьдрал дандаа жаргалтай баяр хөөртэй байдаггүйг хүн бүр мэднэ байх. Яг л үүнтэй адил бидний 30 жилийн амьдралд аль аль нь ээлжлэн өнгөрчээ. Тэр болгонд ойлголцож ухааран, өнөөдрийг болтол хамт байгаа маань л бидний жор болов уу. Анзаарахад, хосууд ихэвчлэн нэг том зорилго тавин түүнийхээ төлөө чадлаараа зүтгэж амьдардаг. Тэр нь ихэвчлэн байр орон сууц эсвэл том хаус байдаг. Тэгээд хөдөлмөрлөх явцдаа, шантрахдаа, ядрахдаа хоорондоо мууддаг. Тэгээд зүтгэж зүтгэж амьдралаа сайжруулах үед амьдралын цаг хугацаа, залуу нас үрэгдсэн байдаг.


Хүүхэд хань ижилдээ ч хангалттай цаг гаргаж амжаагүй байдаг. Тэгээд амьдралдаа тавьсан том зорилго нь биелэхгүй бол амархан сэтгэлээр унаж нэг нэгнээсээ ихийг шаардах, үл ойлголцох нь элбэг байх шиг. Үнэндээ тэр хүрэх зорилго биш ЗАМЫН ЯВЦ-д буюу тэдгээр өдөр хоногт хүн амьдрах ёстой, жаргалыг мэдрэх ёстой, дурсамж бүтээх хэрэгтэй юм билээ. Учир нь эхнэр бид 2 аль алийг нь туулсан. Одоо эргээд туулсан амьдралаа дурсахад, дөнгөж эхлүүлж байсан, бүтээн босгож байсан амьдралын маань мөчүүд хамгийн нандин жаргал мэдрүүлдэг. Шалан дээр жижигхэн хивс тавиад хүүгээ хэвтүүлээд эхнэр бид хоёр хоосон өрөөндөө сэтгэл хангалуун жаргалтай амьдардаг байсан. Тэр гоё мэдрэмжүүдийг өөр хаанаас ч олж авч чадахгүй. Жаргал гэдэг чинь зорилгодоо хүрэн хүртлээ хөдөлмөрлөх тэр явц өөрөө л юм байна лээ” гэжээ.