Манай улс цар тахлыг дотооддоо алдаад найман сар ч хүрэхгүй хугацаанд халдварын нийт 44820 иргэн өвчилж, халдварар 155 иргэн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна.

Өнгөрсөн бямба гаригаас урт хугацааны хатуу хөл хориог сулруулж, нийт аж ахуйн нэгжийн 80 хувь нь ажиллаж эхэллээ. Мөн энэ сарын 22-ноос Улаанбаатараас өндөр эрсдэл бүсээс вакциныхаа хоёр тунг хийлгэсэн иргэд орон нутгийг зорино. Хэдийгээр COVID-19 вакцинжуулж байгаа ч, олон нутагт вакцинжуулалт бүрэн хийгээдгүй байна. Мөн улсын хэмжээнд 18-наас доош насны иргэдэд огт хийгээгүй байгаа.

Халдварын нууц үе 14 хоног үргэлжилж, өвчилсөн хүмүүсийн 40 хувьд нь шинж тэмдэггүй илрэх тохиолдол олон. Мөн 2-3 удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрч байна. Орон нутаг руу буцах, нийслэлд ирэх иргэдийн асуудлыг УОК урт хугацаанд ярьж хойшлуулах зуур зохион байгуулалтын бэлтгэлээ давхар базаасан гэж ойлгож байгаа.

Гэтэл иргэдээс шинжилгээ авах цэгт халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, шинжилгээний хариуг цахимаар тараах зэрэг асуудал нэг л жигдэрч өгөхгүй байгаа нь үнэн.

Иргэдийг харьяа орон нутгийн чиглэлийн автобусандаа суух хүртэл цагдаагийн алба хаагчид хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах бол автобус хаалгаа хааснаас хойш зорьсон газраа хүрэх хүртэл иргэд дор бүрнээ өөрөө өөрсдийнхөө ухамсарт найдахаас аргагүй болж байна.

Өнгөрсөн удаад Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон нутагт зорчих иргэдэд зориулсан түр журам гарган автобусанд байрлуулж иргэдийн сөрөг бичигтэй шинжилгээний хариу, тасалбар, бичиг баримтыг тулган автобусанд суулгаж байсан юм. Гэвч сөрөг бичгийг хууль бусаар үйлддэг байсан гэх асуудал гарсныг хүн бүр мэднэ.

Энэ бол зүгээр нэг өнгөцхөн хандаад өнгөрөх биш гурван сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах баталгааны асуудал юм.