Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвд дохионы хэлний сургагч багш, судлаач С.Бямбадэлгэрийг ЭМЯ-ны цаг үеийн “11 цагийн мэдээ”, “Цагийн хүрд” зэрэг нэвтрүүлгийн дохионы хэлний тайлбарлагч гэдгээр андахгүй.

Тэрээр сэтгэл нь эмзэглэж явдаг асуудлынхаа талаар нэгэн хэвлэлд ярьжээ. “Эцэг эхчүүд хайрлаж байгаа нэртэй сонсголын бэрхшээлтэй хүүхдээ түлхээд байна. Зөвхөн мөнгөөр л асуудлыг шийдэх гээд. Гэтэл тэд маань хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хүн шүү дээ. Хэн өөрийг нь хайрлаж байгааг, хайрлаж чадахгүй байгааг харж, маш сайн мэдэрч, эмзэглэж байдаг.

Тэд ээж аавынхаа юунд санаа зовж байгааг маш сайн мэднэ. Энгийн хүүхдүүд ээж аавыгаа мөнх юм шиг санаж эрхэлж гүйж явахад тэр хүүхдүүд эцэг эхээ алдвал би яах вэ гэдгээ ойлгочихсон байдаг. Тийм ч учраас гэр бүлдээ элгэмсүү, халуун сэтгэлтэй. Харамсалтай нь хөдөө орон нутагт, хотод ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь муугаар хэлэхэд тухайн гэр бүлийн бүх ажлыг нь хийдэг үйлчлэгч шиг нь байдаг. Сурч боловсроод явчихвал энэ их ажлыг нь хэн хийх вэ гэсэн хандлагатай байгаад харамсдаг.
Нийгэм маань сонсголын бэрхшээлийг хөгжлийн бэрхшээл гэж хардаг хандлага бий. Яг үнэндээ тэд маань сонсохгүй л болохоос хэлний цөөнх шүү дээ. Төрийн үйлчилгээ авах гээд очиход хамт яваа хүнтэй нь харьцдаг.

Хэчнээн сонсохгүй ч гэсэн тухайн хүн рүү л харж харилцах ёстой. Тэр үед нь би уучлаарай, надтай биш энэ хүнтэй харьцаарай гэж хэлдэг” гэжээ.