Гавьяаны амралтдаа гарснаасаа хойш алт ухаж, уурхай ажиллуулдаг цагдаагийн хурандаа эрүүгийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй асуудалд холбогджээ. Ингэхдээ одоо ч цагдаагийн байгууллагад ажилладаг өөрийн бүлэглэлийн албан тушаалтнуудаа ч татан оролцуулжээ.


Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа буюу ЦЕГ-ын Санхүү арын албанд ажиллаж байсан Ч.Энх-Амгалан гэгч хурандаа нь цагдаагийн байгууллагаасаа мөнгө шамшигдуулж байсан нь нотлогдож өнгөрөгч 2016 онд ялын тогтоолоо уншуулж 5-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Гэвч хуулийн салбарын хүн тул хөл хүрэх газраараа хөөцөлдсөөр өөрт оногдуулсан хорих ялаа тэнэсэн харгалзах ял болгон хөнгөрүүлж чадсан бөгөөд түүний тус ял нь өмнөх сард дуусгавар болжээ.

Тэгвэл тэрээр Сэлэнгэ аймгийн Баянгол сум болон Баруунхарааг дамнан Алт олборлож эхэлсэн байдаг. Энэ ажилдаа мөн л цагдаагийн байгууллагад буюу ЦЕГын хар тамхитай тэмцэх хэлтэст ажиллаж байсан өөрийн хүү Э.Баясгалангаа цагдаагийн байгууллагаас нь гаргаж, алт ухах замаар аав хүү хоёр хөтлөлцөн алхах болжээ. Тэгвэл тэд, эцэг хүү хоёр эх орноо ухахын зэрэгцээ эрүүгийн гэмт хэрэг бүлэглэн үйлдэж , үйлдэхдээ Монголын цагдаагийн хэд хэдэн алба хаагчдыг татан оролцуулсан талаар эх сурвалж гомдол мэдээллийг хүргүүллээ.

Эцэг хүү хоёрын “ЧЧБТ ХХК” / МАЙНИНГ ЭКУЭПМЕНТ / Шарын голын ундны усны ундрага хэсгийг ухахаар улайрч байгаад шүүхийн шатанд ялагдаж байсан , Дархан уул аймгийн мэргэжлийн хяналтынхныг авилгаар ажиллуулдаг талаараа ам алдаж байсан удаатай эцэг хүү хоёр уурхайн олборлох үйл ажиллагаагаа явуулахын тулд бусдаас уул уурхайн тоног төхөөрөмж түрээслэн ажиллуулдаг байна. Гэтэл ингэж түрээсэлсэн төлбөрөө төлөхгүй байсан тул төлбөрөө нэхэхээр очсон иргэний амь насыг нь хохироохыг завдсан үйлдэл гаргасан байж болзошгүй байна.


Тодруулбал, Цагдаагийн албанд ажиллаж байсан эцэг, хүү хоёрын компани болох “ЧЧБТ ХХК” / МАЙНИНГ ЭКУЭПМЕНТ / -иас тоног төхөөрөмжөө ашиглуулсан иргэн А төлбөрөө нэхэмжлэхээр очих үед нь буюу энэ оны 6-р сарын 28 ны өдөр иргэн А-г Э.Баясгалан автомашинаараа дайрч амь насыг нь санаатайгаар хохироохыг завдсан гэх мэдээлэл бий. Энэ хэргийг цагдаагийн байгууллага өдгөөг хүртэл удаашруулан шалгаж байгаа.

Харин 6-р сарын 29-ны өдөр буюу энэ ноцтой үйлдэл гарсаны маргааш нь түрээсийн төлбөрөө нэхэж очсон иргэн А-г нийслэл рүү буцах замд нь буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын замд , Зүүнхараагийн ТЦА-ны цагдаагийн нэр бүхий алба хаагчид авто зам дээр үндэслэлгүйгээр саатуулан бичиг баримтыг нь хураан авч саатуулсан. Энэ үеэрээ түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж, очсон иргэдийг саатуулахын тулд жолоочийг нь согтолтын зэрэг тогтоодог драйгер багаж үлээлгэхийг завдан тэдний нүдэн дээр шахуу драйгер багажийн хошууг спиртэд дүрж үлээлгэхийг завдсан гэх мэдээллийг ч эх сурвалж өгөв. Албан үүргээ гүйцэтгэж байгаа орон нутгийн замын цагдаагийн алба хаагчид ингэж энэ хэргийн хамжигчид болсон байж болзошгүй нөхцөл байдал үүсгэхийн зэрэгцээ иргэн А-г саатуулж зогссоноос хойш ойролцоогоор 2 цаг орчмын дараа хотоос Ч.Энх-амгалан хурандаа өөрийн биеэр ирж, ирэх ирэхдээ одоо цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа цагдаагийн дэд хурандаа Д.Жаргалсайханаар ахлуулсан цагдаагийн тусгай хүчний 10 гаруй алба хаагчид дагуулан очиж иргэн А болон хамт зорчиж явсан иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйцаар бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан байна. Мөн Монголын цагдаа 15 уулаа 4-н иргэнээ бүлэглэн зодож, айлган сүрдүүлсэн үйлдэл гаргажээ. Энэ бүх зохион байгуулалттай гэмт хэрэг нь ердөө л эцэг хүү хоёр буюу Ч.Энх-амгалан хурандаа, хүү Э.Баясгалангийн хамтаар Сэлэнгэ аймгийн Баянгол суманд алт олборлохдоо ашигласан тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг төлж барагдуулахаас зайлсхийж, иргэнээ хүч хэрэглэн айлган сүрдүүлсэн асуудал байсан бололтой.


Ингэж цагдаагийн байгууллагад ажиллаж байсан эцэг хүү хоёр иргэнээс тоног төхөөрөмж түрээсэлсэн гурав орчим тэрбум төгрөгөө төлж барагдуулахын оронд амь насыг нь хохироох, аль эсвэл эрүүл мэндийг нь хохироохыг илүүд үзэж, ингэхдээ одоо ч 100-н жилийн түүхтэй цагдаагийн албанд ажиллаж байгаа нэр бүхий хэд хэдэн алба хаагчдыг татан оролцуулж эрүүгийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болж таарч байна. Мөн эцэг хүү хоёр төлбөр нэхэж яваа иргэдийг постоор нэвтрэх үед нь ковидийн түргэвчилсэн шинжилгээ авч түүнийг нь эерэг гаргаж тусгаарлахыг үүрэгдсэн, согтолтын зэрэг хэмждэг драйгер багаж архинд дүрж байгаад үлээлгэхийг завдаж хүч хэрэглэсэн зэрэг ноцтой хэргүүд олныг үйлдэж, цагдаагийн алба хаагчдад үүрэг чиглэл өгч байсныг хохирогч, гэрч зэрэг эх сурвалжууд мэдээлж байна.


Эцэг хүү хоёр иргэн А-д түрээсийн төлбөрийг нь төлж барагдуулаагүй байгаа бөгөөд үүний зэрэгцээ 300 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нь дээрэмдэн авч Баруун хараагийн журмын хашаанд байршуулан түгжжээ. Иргэний эзэмшлийн уул уурхайн тоног төхөөрөмжийг үндэслэлгүйгээр , прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулан журамласан энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн ахмад Энхтөр гэгч гардан зохион байгуулсан гэх мэдээлэл ч байна. Тэтгэвэртээ гарсан цагдаагийн алба хаагч одоо ажиллаж байгаа алба хаагчидтайгаа хамтран хууль бус үйл ажиллагаа явуулж , эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн энэ асуудал нь цагдаагийн байгууллага зохион байгуулалттайгаар мафижсан , цагдаа нар бүлэглэн иргэнээ зодсон зэрэг асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн, хэн ямар албан тушаалтан хариуцлага үүрсэн эсэх талаар бид нэхэн сурвалжлах болно.

Нэгүүн.мн