Банкууд 3 сая төгрөгөөс дээш зээл олгохгүй байгаа талаар иргэний мэдээлэл ирлээ. Энэ талаар зарим банкуудаас тодруулахад иргэдийн зээлийн хүсэлтэд хязгаарлалт хийж эхэлсэн талаар мэдээлэл өгөв.

Тухайлбал, Хаанбанк бизнесийн зээл огт гарахгүй байгаа бөгөөд онлайн зээл болон цалингийн зээлүүд гаргаж байгаа аж. Энэ тухайгаа тэд “Шалгуур бага зэрэг чангарсан учраас хүсэлт өгсөн хүн бүрийнх гарна гэсэн ойлголт биш” хэмээн хариулж байв.
Хас банкны хувьд зээл шийдвэрлэх шинэчлэл муу байгаа учраас шалгуураа чангаруулжээ. Тиймээс зээл хүссэн иргэдийнхээ бизнесээ авч яваа байдал, эргэлдэх хөрөнгө, барьцаа зэргийг харах болсон гэнэ. Мөн цалин орлого нь тогтмол байвал тус банканд давуу тал болж байгаа аж. Энэ хязгаарлалтыг тавдугаар сараас эхлүүлсэн бөгөөд зургадугаар сарын 30-ныг хүртэл гэж заажээ. Банкууд IPO гаргах, валютын нөөцийн хомсдол, олон улсын болон хил орчмын асуудлаас үүдэн ийм шийдвэрт хүрсэн байна.
Худалдаа хөгжлийн банкны хувьд бизнесийн зээлийн хүсэлтийг бүрмөсөн авахгүй байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхэлсэн тус хязгаарлалт зургадугаар сард үргэлжлэнэ гэдгийг онцолж байв. Үүнийгээ тэд банкны системд өөрчлөлт орох том ажлууд хийгдэж байгаа учраас түр ийм арга хэмжээ авсан хэмээн тайлбарлаж байна.
Төрийн банкны хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгааг онцлох нь зүйтэй болов уу. Тэд “Төрөөс ямар нэгэн санал, шийдвэр ирээгүй” гэж байв.

Харин Голомт банкны хувьд зээлийн журмаа чангаруулжээ. Ингэхдээ тэд банкандаа сүүлийн жилүүдэд тогтмол орлогоо төвлөрүүлж, хариуцлагатай зээлдэгч байж, өмнөх зээлүүдээ цаг тухайд нь төлж байсан бол бизнесийн зээлийг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл маш үнэнч хэрэглэгчдэдээ л бизнесийн зээлийг гаргаж байгаа аж.

Бизнесийн зээл гарахгүй байгаа банкуудын хэлж буй шалтгаанууд голчлон IPO гаргах болон олон улсын нөхцөл байдал валютын нөөцөөс хамаарч байгаа гэсэн юм. Харин IPO гарахаас албан ёсоор хүсэлтээ өгсөн Хаан, Голомтоос бусад банк Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ өгсөн эсэхийг тодруулахад “Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.