Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат хамтран ажилладаг бүсгүйгээ хүчиндэхийг завдсан хэрэг өнгөрсөн онд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат “улаан махны” хэpэгт холбогджээ

Уг мэдээллийг олон нийтэд мэдээлсний дараагаар манай сайтад  Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгчийн ёс зүйгүй, хууль зөрчсөн бусад үйлдлүүд баримттайгаар уншигчдаас ирүүлсээр байна.

Тухайлбал, бүх нийтийн хөл хорионы үеэр Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат Нийслэлийн онцгой комиссын нэр дээр өөрийнхөө машинд цагийн хязгааргүй зорчих QR код авсан байна.

Өнгөрөгч 2021 онд болсон бүх нийтийн хөл хорионы зөвшөөрсөн 13 байгууллагын  ажилчдад QR кодоор цагийн хязгаартай зорчиж байв. Зөвшөөрсөн 13 байгууллагын ажилтан байсан ч QR код авч чадаагүй бол хөдөлгөөн оролцох эрхгүй байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

Тэгвэл бүх нийтээрээ хөл хорионд орсон тухайн цаг үед Нийслэлийн онцгой комиссоос танил талдаа QR код олгосон болох нь баримтаар нотлогдож байна. Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат гэгч нь өөрийнхөө машинд QR код авч чадаагүй тул Нийслэлийн онцгой комисст ажилладаг дүүдээ хэлж байгаад 0106УНЧ улсын дугаартай Land Cruiser маркийн машиндаа QR код авчээ.

Зургийн тайлбар: Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат автомашиндаа авсан  “хууль бус” QR код

Тухайн цаг үед Монголын өмгөөлөгчдийн холбоонд гурван QR код олгогдсон бөгөөд уг тоонд дэд Ерөнхийлөгчийн машин багтаагүй тул ийнхүү ёс бус үйлдэл гаргасан байгаа юм. Тэрбээр өөрийн ажилладаг хуулийн фирм  ч биш, Монголын өмгөөлөгчдийн холбооны нэр дээр ч биш Нийслэлийн онцгой комиссын гишүүнээр авсан байгаа нь өөрөө хууль зөрчсөн хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд ёс зүйгүй үйлдэл болохыг хуульчид, өмгөөлөгчид хэлж байна.

Хэрвээ тусгай зөвшөөрөл бүхий QR кодыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсээр байгаа бөгөөд энэ төрлийн хэргүүд шүүхээр шийдэгдсэн тохиолдол ч бий.

Зургийн тайлбар: Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат

Танил талаараа QR код авах нь өмгөөлөгч хүний хувьд ёс зүйгүй үйлдэл юм. Нөгөө талаас гэмт хэрэг гэж үзэж болно. Тодруулбал, эрүүгийн хуулийн

23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах

1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд Ерөнхийлөгч нь ёс зүйн алдаа гаргаад зогсохгүй хууль бус үйлдэл гаргасан болох нь дээрх баримтаар нотлогдож байгаа юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбатаас энэ талаар тодруулахад: “Мөрдөгч биш, байцаагч биш, Асууж тодруулах юм байгаа бол хууль хяналтын байгууллага дээрээ байцаалт өгье” гэв.

Тэгвэл Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбатын ёс бус үйлдэлд нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Ёс зүйн хороо хариуцлага тооцох учиртай. Хууль зөрчсөн үйлдэлд нь АТГ, цагдаагийн байгууллагаас шалгаж, гэм буруутай бол шүүхээс ял оноох болно.

Өмгөөлөгч хүн хамгийн өндөр ёс зүйтэй байж, нийгмийг соён гэгээрүүлж, түүчээлэн явах ёстой байтал Монголын өмгөөлөгчдийн холбооны №2 нь ийнхүү ёс зүйгүй, үйлдэл гаргаж байгаа нь өмгөөлөгчдийн холбоо дотроосоо ялзарч байгааг илтгэж байна.

Уг нь Монголын өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдал нь дээрдсэн. Гэтэл амбиц хөөсөн улсуудын ашиг хонжоо хайсан суудал болон хувирсан юм биш биз гэх хардлага төрүүлж байгаа юм.

Бид энэ талаар болон Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбатын ёс зүйн алдаатай  үйлдлүүдийг эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа