Албан тушаалтанууд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, МИК-аа зүхэж байгаад ипотек ч үгүй , МИК ч үгүй болгож, түмний хараал идэх вий дээ. Юм л бол Монголын Ипотекийн Корпораци хэмээн чичилж, ийм байгууллага байх хэрэгцээ, шаардлага байхгүй, татан буулгавал зохилтой гэх болж. Яг үнэндээ Монголд ипотекийн зээлээр амьдрах орон байраа аваагүй айл өрх бараг л байхгүй. Айл болгон ипотекийн зээлтэй гэхэд хилсдүүлсэн болохгүй.

Аливаа асуудлыг төрийн зөв гэж мугуйдлаад байвал төрийн ачаанаас хуваалцах хувийн хэвшилгүй болох бус уу. МИК алдаатай явж ирсэн бол гарцаа хамтдаа хайн зөв зам руу нь залах ёстой баймаар. Жигшүүлж нулимуулж байгаад дарж унадаг хуучны арга хоцрогдсон. Зөвшилцөл, ойлголцол, гарц, шийдлийн өмнө хамт зогсох ёстой.

Нөгөөтэйгүүр, иргэд ипотекийн зээлийг арилжааны банкууд шууд олгодог юм шиг ойлгоод байна. МИК банкуудын иргэдэд олгосон орон сууцны зээлийг худалдан авснаар банкууд дараагийн хүнд олгох зээлийн эх үүсвэрээ олж авдаг. Энгийнээр тайлбарлавал, арилжааны банк орон сууцны зээлэнд зориулсан нэг тэрбум төгрөгтэй байжээ. Олон жил хадмынхаа жижиг өрөөнд амьдарсан Баяр өрх тусгаарлаж орон байртай болмоор байдаг. Мэдээж түүнд хурааж хуримтуулсан юм байхгүй учраас орон сууцны зээл хөөцөлдөж таарна. Хоёул ажил хийдгийн буянаар зээл авч байртай болов. Харин дөнгөж гэрлэсэн залуу хос амьдрах байраа зээлээр авах гээд чадсангүй. Учир нь орон сууцны зээлэнд зориулсан банкны мөнгө дуусчихжээ. Гэтэл маш олон өрх, иргэнд байрны зээл авах хэрэгцээ, шаардлага байгаа. Банкууд тэдний энэ эрэлт, хүсэлтийг дангаараа яагаад ч хангаж чадахгүй. Дэлхийн олон улс иргэдийнхээ орон сууцтай болох хүсэлтийг шийдэх гарц олсон нь Ипотекийн корпораци юм. Өөрөөр хэлбэл, өмнө олгосон зээлийг багцлан үнэт цаас болгож дахин эргэлтэд оруулаад дараагийн хүнд зээл олгох мөнгийг босгодог шийдэл нь Ипотекийн корпораци буюу манай МИК билээ. Дэлхийн ихэнх улс орнууд яг ийм тогтолцоог ашиглан иргэдээ орон сууцжуулах бодлогоо хэрэгжүүлдэг. Зарим улсад МИК-тэй адилхан үйл ажиллагаа явуулдаг нэлээд хэдэн компани байдаг. Энэ жишгийн дагуу МИК-ийн үндсэн чиг үүрэг, зорилго нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, банкуудыг орон сууцны зээл олгох эх үүсвэрээр хангадаг юм. Угтаа МИК нь Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны зээлийн санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог хөгжүүлэх зорилгоор санхүүгийн зах зээлийн хэрэгслүүд ашиглан дотоод гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилт татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч зах зээлийг дэмжих, хоёрдогч зах зээлийг хөгжүүлдэг байгууллага билээ.

Хэрвээ МИК-ийг татан буулгачихвал юу болох вэ?

Мэдээж, банкуудад урт хугацаатай маш их хэмжээний зээл, зээлдэгч зөндөө байгаа. Гэтэл банкны зээлийн эх үүсвэрийн нөөц хэмжээ хязгаартай. Тэд өмнө өгсөн зээлээ бүрэн эргүүлж аваад дараагийн хүнд олгоно гэвэл цаг хугацаа их шаардсан, хэтрүүлж хэлбэл хүний амьдралын нас хүрэхээргүй ажил болно. Шулуухан хэлэхэд манай улсын иргэдээ хямд эх үүсвэртэй орон сууцаар хангах бодлого бүр мөсөн алдагдах бус уу. Улс төрчид МИК-ийг татан буулгая гэх мэтээр пропагандо хийх аваас нэг л өдөр дээр дурдсанчлан ипотек чүгүй МИК ч үгүй болно шүү.

Assa.mn