“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” Сүхбаатарын талбайд өчигдөр нээлтээ хийж, хоёрдахь өдрөө үргэлжилж байнa.

Энэ удаагийн баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулж буй бөгөөд ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж байна.

Номын баярт 400 гаруй байгууллага, хувь хүн хандсан ч зай талбайгаас шалтгаалж 200 гаруй хувь хүн, албан байгууллага оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх тус номын баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцож буй юм.

Манай сурвалжлах баг төв талбайд очиход нас насны ном сонирхогчдын хөл хөдөлгөөн тасрахгүй байв. Энэ удаагийн номын баяр асрууд өмнөх жилүүдээс нэмэгдсэн мэт харагдаж байлаа. Тэр тусмаа номын худалдаа эрхлэгчид хуучин ном борлуулахаас илүү шинэ номнуудыг борлуулахыг илүүд үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлж байв. Олны танил зохиолч, яруу найрагч, ном бичигчээс гадна номын шүүмж судлаачид асруудад сууж буй харагдсан.

Номын баярын үеэр иргэн Б.Батбаяраас сэтгэгдэлийг нь сонсоход, жилд хоёр удаа номын баяр хийж буйд уншигч хүний үүднээс их талархаж байна.

Энэ удаад худалдан авагчид бид яг уншина гэсэн бодолтой ганц нэг номоо авахаас, өмнө жилүүд шиг төлөвлөгөөнд байсан номнуудаа нэг дор авч чадахгүй байна. Ер нь бол эдийн засаг номын худалдан авалтад ихээхэн нөлөөлж буйг онцолмоор байна гэв.

Харин ном эрхлэгчдийн зүгээс дараах сэтгэгдлийг үлдээж байв.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Би анх энэ арга хэмжээ зохион байгууллагдаж эхэлсэнээс хойш тасралтгүй оролцож байна. 2020, 2021 он Covid-19 гараад, хамгийн хэцүү байлаа. Гэвч бид нэг ч жил алгасаагүй хийсэндээ үнэхээр баяртай байдаг. Жил ирэх тусам номын баярт хүүхэд залуусын оролцоо нэмэгдэж байгаад талархаж байна. Энэ удаагийн номын баярт миний зүгээс “Домогт Ану хатан” номоо уншигчдын хүсэлтээр дахин хэвлүүлж, уншигчдын гарт өргөн барьж байна. Анх 2010 онд хэвлэгдсэн тус ном маань өнөөдрийг хүртэл худалдан авалт өндөр байгаад маш их талархаж байна. Гэхдээ манай монголчууд номыг бага уншдаг. Сая 400 мянган хүн амтай том хот гэхэд, тогтмол ажилладаг 10-аадхан номын дэлгүүртэй. Номын баярт номонд дуртай хүмүүс л ирж үзэж сонирхож, худалдан авалт хийж байна.

Монгол бадарчин хочтой аялагч Амай буюу Ж.Золбаяр “Би нийт зургаан боть ном гаргасан. Үүнээс гурав нь дууссан байсан. Өнөөдрийн номын баяртаа зориулж сар орчмын өмнө “Гайхамшигт ертөнц” гэх нэгдүгээр ботийнхоо тусгай дугаарыг гаргалаа. Энэ удаагийн баяртаа “Гайхамшигт ертөнц” номоо танилцуулж, худалдаалж байна. Намайг хүмүүс аялагч гэж андуурдаг. Би бол судлаач хүн. 21-р зууны эхэн үед дэлхий дээр амьдрал ямар байсныг хадгалж үлдээхийг явж байсан. “Гайхамшигт ертөнц” номонд дэлхийн 86 орны 12 жилийн амьдралаас өөрт ойлгосон зүйлээ оруулж бичсэн. 18 наснаас дээш хүн уг номыг үзэхийн бол, дэлхийг үзсэн монгол хүн амьдралыг ингэж хардаг юм байна гэсэн дүгнэлттэй гэдгээрээ онцлогтой. Үндэсний номын баяр ном зохиогч бидэнд маш чухал баяруудын нэг. Гэхдээ энэ жилийн тухайд иргэдийн худалдан авалт буурсан мэт санагдаж байна.

Зохиолч, орчуулагч Ж.Нарана

Миний хувьд гуравдахь удаагаа энэ баярт оролцож байна. Ном хэвлэл маань өөрөө хүмүүний оюуны хэрэгцээ юм. Оюуны хэрэгцээ цензүүр сайтай байх ёстой. Хүний тархинд тэр чигээрээ үлддэг учраас оюуны хэрэгцээг хангах номын салбар хамгийн хариуцлагатай салбар гэдгийг зохиолч хүнийхээ үүднээс хэлмээр байна. Уншигчдад зориулж яг ямар хүн, ямар боловсролтой, боловсорсон хүмүүс ном бичээд байна вэ гэдгийг энэ баярын үеэр өөрсдөө ирж харж, уулзан танилцаж, үзэл бодлоо хуваалцах боломжтой. Энэ бол энэхүү баярын хамгийн том ач холбогдол байх гэж ойлгодог. Миний хувьд энэ удаагийн баяртаа зориулж “Амьдрал олон өнгөтэй” сургамжит өгүүллэгийн номоо онцолж байгаа. Надтай уулзаж танилцаж, амьдралдаа тохиож байсан үйл явдлуудыг нь өөрсдийнх нь зөвшөөрөлтэй олон нийтэд хүргэж буй юм”.

Ташрамд дуулгахад, номын баярын үеэр номын санд хандив өргөсөн, хөрөнгө оруулсан хувь хүн, албан байгууллагыг урамшуулахаас гадна шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, урлагийн тоглолт, зохиолын баатрын дүр бүтээх парад жагсаал, номын флашмоб, тэргүүний уншигч хүүхдүүдийн шилдэг бүтээл, номын тэмдэглэл, уран бичлэгийн үзэсгэлэн гарч буй гэдгийг уншигч танаа дуулгая.

Номын баярын хүрээг өргөжүүлж, тус баярын уламжлалт хэв маяг, онцлогийг гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх зорилгоор ТАС.МН САЙТ түнш байгууллагаар ажиллаж байна.