Хар тамхины хэрэгт удаа дараа холбогдож, гадаад, дотоодын хууль сахиулах байгууллагад шалгуулж байсан “Жоби” хочтой Б.Түвшинжаргалыг их хэмжээний мансууруулах бодис хадгалж, борлуулахыг завдсан хэрэгт үндэслэлээр гурав дахь удаагаа саатуулан шалгаж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт улсын хилээр нэвтрүүлсэн нэг кг орчим мансууруулах бодисоо авч явахад нь хууль сахиулагчид баривчлан өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулаад байна.
“Жоби” хочит Б.Түвшинжаргалтай хамт нэг хэрэг нь шүүхээр хэлэлцэхээр удаа дараа товлосон ч шийдвэрлэхгүй байгаа Б.Батмонголыг баривчилсан аж. Б.Түвшинжаргалын хувьд өмнө нь эх орондоо бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн хэрэгтээ 500 нэгжээр торгуулах ял шийтгүүлж байсан, Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт хорих ял эдэлж байсан нэгэн. Тэрбээр Л.Баянмөнх, Э.Баяржавхлан, Б.Батмонгол, Н.Алтансувд, А.Асралт, Х.Мөнгөнжигүүр, О.Энхтүвшин, Б.Мөнхтүвшин, Н.Баасанбат, Б.Урангоо нартай хамт мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдагчаар татагдан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нь хэлэлцэхээр товлосон ч элдэв шалтгаар хурлаа хойшлуулаад байгаа билээ.  Тэд 2020 оноос хойш олон улсын буухиа шуудангаар Африкаас бусдын нэр, иргэний үнэмлэх ашиглан мансууруулах бодис хүлээн авсан, борлуулсан олон үйлдэлд холбогдсон юм.
Б.Түвшинжаргал Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт шийтгүүлж 2010 оноос хойш арваад жил ял эдэлж байхдаа Африк тивийн Малави зэрэг улсын иргэдтэй холбогдож, шуудан илгээмжээр Монгол Улс руу мансууруулах бодис хүлээн авч худалдахаар тохиролцон хүлээн авсаар байгаагийн илрэл нь өнгөрсөн долоо хоногт нэг кг орчим “бараа”-тай баригдсан явдал юм. Б.Түвшинжаргал нарын 11 хүнд холбогдох хэргийг хамгийн сүүлд л арваннэгдүгээр сарын 27-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис, С.Өсөхбаяр, М.Отгонбаатар нар хэлэлцэхээр товлоод байсан ч бас л хойшлуулсан аж. Энэ хооронд эл хэргийн гол зохион байгуулагч болох “Жоби” хочит Б.Түвшинжаргал сул чөлөөтэй явсаар. Дахин гэмт хэрэг үйлдсээр л байна.