ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. Тэднийг эл сургуулийг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулж, хохирол учруулсан хэрэгт холбогдуулан 2020 оноос хойш шалгасан юм. Энэ хүмүүстэй холбоотой гомдлыг ХААИС-ийн багш, ажилтнууд АТГ-т гаргаснаар мoрдoн байцаалтын ажиллагаа эхэлсэн билээ. Бид 2020 оны арваннэгдүгээр сард энэ талаар уншигчдадаа хүргэж байв. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, Ж.Батчулуун тухайн үед ХААИС-ийн Эдийн засаг, хoгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бoгooд Т.Хэрүүгатай хамтарч албан тушаалаа урвуулан сургуулийнхаа хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгагдаж буй юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 12-18-нд эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургааг нь шүүхэд шилжүүлэхээр болсон.

Тэдгээрийн дунд дээрх албан тушаалтнуудтай холбоотой хэрэг багтжээ. Мөн Баянхонгор аймгийн С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын дарга Б.Пүрэвдагва, нягтлан бодогч Э.Эрдэнэхүү нарт холбогдох хэргийг шалгаж дууссан аж. Тэд тус театрын нярвын албан тушаалд Э.Эрдэнэхүүгийн хамаарал бүхий хүн буюу нагац эгч С.Долгормааг нь томилж, ажиллаагүй хугацаанд нь цалин урамшуулал олгосон хэрэгт холбогдсон аж.