Ухуулагч авна зарын цаана “Царцааны нүүдэл” явагддаг уу

Ганцхан сарын дараа Монгол улсын иргэд дараагийн дөрвөн жил төр барих параламентын гишүүдээ сонгоно. Уг сонгуулийн ажилтай холбоотойгоор сошиалд “Сонгууль ухуулагч авна” гэх зар үзэгдэх болсон.


Өдрийн цалингаа 40-100 мянган төгрөгөөр үнэлсэн тус зарыг сонирхох хүн олон.
Тэгвэл уг зарын цаана “Царцааны нүүдэл” буюу сонгуулийн саналаа нэг нэр дэвшигчийн төлөө өгөх зохион байгуулалтай бүлэглэл, бүхий этгээдүүд ажилд орохыг хүссэн иргэдээс Регистрийн дугаар, овог нэр, гэрийн хаягийг аваад “Эргэж холбогдоно” хэмээн сураг ажиггүй болох болжээ.

Уг асуудал зөвхөн сошиалд өрнөхгүй байгаа бололтой.

Нэгэн эх сурвалжийн мэдээллээр, Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэн М оршин суух хорооны танил тал руугаа сонгуулийн сурталчилгаанд, ухуулагч жолоочоор ажиллах боломжтойгоо илэрхийлэн, ажлын байр мэдэж байхыг хүсчээ.

Гэтэл тэр танил нь тус хороонд амьдардаг 30 хүний иргэний үнэмлэхийг цуглуулан ирж, канондуулан эргүүлэн өгөх даалгавар өгсөн байна.

Иргэн М ажилд орохын тулд ойр хавийн хөршүүдээсээ иргэний үнэмлэхийг нь гуйж яваагаа учирласан юм.

Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигчийн ухуулагч хийхийн тулд тухайн тойрог, хорооны сонгуулийн насны 30 хүний иргэний үнэмлэхийг конандуулж өгч байж, ажилтай болно гэсэн үг юм.

Дээрх асуудалтай ижил явдал СХД-т мөн л болж буй талаар өөр иргэд мэдээллээ.

Чухам ямар нам эвсэл, бие даагч нэр дэвшигчид ийм зүйл хийж буйг цаг хугацаа харуулах биз ээ.
УИХ-ын 2016 оны сонгуулиар “Царцааны нүүдэл” хамгийн их явагдсан юм. Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгуудад хэдэн мянган сонгогч нүүдэллэн очсон нь бий. Албан бус мэдээллээр Увс аймагт 3300 сонгогч шилжсэнээрээ тэргүүлсэн бол Хөвсгөл аймагт 2900 сонгогч, Баянхонгор аймагт 2200 орчим сонгогч шилжин очсон байдаг. Энэхүү нүүдэл нь Улаанбаатар хотод ч явагдсан.


Нэг дүүргээс нөгөөд шилжин очих нь ердийн үзэгдэл юм. Сонгуульд нэр дэвшсэн компанийн захирал нь ажилчдаа амруулж зугаалуулах зэргээр “Царцааны нүүдэл”-ийг явуулж ирсэн. Шилжин ирсэн “Нүүдлийн царцаа” одоо ч хэвээрээ эргэж, нутагтаа очоогүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Хоёр сонгогчтой айл 10 гаруй хүнээр “бүл нэмсэн” ч мэдээлэл бий.
Баянгол дүүргийн дугаар хорооны иргэн М-ийн гэрийн хаяган дээр хоёр ч иргэн нэмэгджээ.
Иргэн М “2016 онд шинэчилсэн бүртгэл хийлгээрэй гэхээр нь хороон дээр яваад очтол манай хаяган дээр Бүргэд овгийн Гантулгын Баттулга гэсэн хүн оруулчихсан байсан. Хэл ам хийгээд ийм хүн манай удамд байхгүй гээд хорооныхоо ажилтнаас асуухад “Бид нар мэдэхгүй. Иргэний бүртгэлээс ирүүлсэн баримт” гэсэн.

Тэгэхээр нь хажуугийн өрөөнд нь байдаг иргэний бүртгэлийн ажилтан дээр нь очоод уулзтал “Танайд тийм хүн алга байна” гэсэн.
Сонгууль болохоор сонгогчийн жагсаалтад бүртгэгдээд манай хаяган дээр ороод ирдэг. Мөн Г.Баттулга дээр Я.Гантулга гэдэг хүн манай хаяган дээр нэмэгдээд бүртгүүлсэн байна. Г.Баттулга, Я.Гантулга гэдэг хоёр хүний сонгогчийн үнэмлэх орж ирлээ. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авч байгаа хэрэг. Би энэ байранд насанд хүрснээсээ хойш 20 гаруй жил амьдарч байгаа. Гэтэл ингээд гэрт минь хоёр танихгүй хүн ороод ирчихэж байгаа юм. Бас ч үгүй санал өгнө гэж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ” гэлээ.

Мөн иргэн н.Солонгийн гэрт хоёр хүн урилгагүй зочилжээ. Тэрээр “С.Сайнжаргал,Ц.Батцэнгэл нарыг хайж байна. Шал угаах, гэр цэвэрлэх, ус тогны мөнгө өгөх зэрэгт өчүүхэн ч оролцоо байхгүй хирнээ сонгууль өгөх болохоор л гараад ирдэг та муу хоёр царцаа ер нь яах гээд байдаг юм бэ” гэжээ. Солонгийн гэрт С.Сайнжаргал,Ц.Батцэнгэл гэх үл мэдэгдэх хоёр хүний сонгогчийн үнэмлэх өгсөн байдаг.