“Боловсрол суваг телевизээр цацагдаж буй “Гэр бүл” реалити шоуны нэвтрүүлгийн баг хамт олонд”

Хосуудын нарийн, зөв учрыг нь мэдэхгүйгээс үүсдэг гэр бүлийн аливаа зөрчил зөрөлдөөн, тулгамдсан асуудлуудыг нийгэмд танигдсан олны танил хосуудын бодит кэйс дээр үндэслэж залуусын анхаарлын төвд авчирч байгаагаараа уг нэвтрүүлгийн болон уран бүтээлчдийн баг хамт олон нийгмийн хөгжлийн төлөөх гэр бүлүүдийн эрүүл зөв харилцааг сурталчилах тал дээр яахын аргагүй цагаа олсон бүтээлч сэтгэлгээ, санаачилга гаргасан байна.

Хувийн дотоод амьдралаа бусдад зориглон гадагшлуулж буй эрхэм хосуудад ч талархах нь зүйтэй санагдана. Гагцхүү олон нийтийн гэгээлэг хүлээлт, хосуудын цаашдын амьдралын сайн сайхны төлөө уг гэр бүлд тулгарсан асуудлыг мэргэжлийн сэтгэл зүйчээр сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс оновчтой оношилгоо хийлгэж, бодитой дүгнэлт гаргуулан, хосуудад зөвөөр ухамсарлуулан, алдаа оноог нь ойлгуулж тайлбарлан таниулах нь манай оролцогч хосуудад төдийгүй сонирхон үзэж буй залууст сургамжтай, гэр бүлийн боловсролд нь тустай, ирээдүйн амьдралын чанарт нь үр дүнтэй, илүү үр өгөөжтэй, ач холбогдолтой реалити шоу болох байх аа гэж бодож байна.

Сэтгэл Судлаач Я. Батхүү