Орон нутагт шинэ технологи болон ногоон технологийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран “Шинэ технологийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон технологийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” чиглэлийн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан төслүүдэд 30 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно.

Төслийн уралдаанд Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл”-ийг байгуулсан аймгууд болох Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,Увс аймгуудын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхнийг шинэ болон ногоон технологийн санаагаа ирүүлэхийг урьж байна.

“Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” төслийн сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага.

Үүнд:

Санхүүгийн дэмжлэг хүлээн авах төслийн хэрэгжүүлэгч нь нийт төслийн зардлын 30%-с доошгүй хэмжээг мөнгөн хөрөнгөөр /харилцах, хадгаламж, банкны дэмжлэгээр байршуулсан/ өөрөө санхүүжүүлэх боломжтойг нотлох.
Нэг төсөлд олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ 30.0 сая төгрөг хүртэл байна.
Санхүүгийн дэмжлэгийг мөнгөн хөрөнгө хэлбэрээр бус харин төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа, түүхий эд, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээ гэх мэт зардлуудыг шууд бэлтгэх нийлүүлэгчид төлөх байдлаар олгоно.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл” байгуулсан аймгуудын аль нэгэнд тогтвор суурьшилтай үйл ажиллагаа эрхэлж байгаа /Нэг жилээс багагүй хугацаанд оршин сууж байгаа/ орон нутгийн бүртгэлтэй иргэн эсвэл аж ахуйн нэгж байх. /Төрийн өмчит болон төсвийн байгууллагаас төсөл хүлээн авахгүйг анхаарна уу./
Төслийг хавсралт загвар маягтын дагуу бичиж ирүүлнэ.
Та өөрийн шинэ технологийн эсвэл ногоон технологийн төслөө 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн 14:00 цагаас өмнө дараах хаягт ирүүлнэ үү.

Электрон хувилбарыг [email protected] хаяг руу

Цаасан хувилбарыг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ гудамж, 38-р байр 2-р давхарт “Шинэ технологи, ногоон технологийг дэмжих хөтөлбөр”

Төсөл шалгаруулах үе шатууд нь дараах байдлаар явагдана:

1. Төслөө “Шинэ технологи-Ногоон технологи” төсөлд ирүүлнэ.
2. Төслийн эхний шатны шалгаруулалтыг төсөлд тавигдах шалгуур, шаардлага болон загвар маягтын дагуу ирүүлсэн эсэхийг хянаж, шаардлага хангасан төслүүдэд албан бичгээр мэдээлэл хүргэнэ. Харин шаардлага хангаагүй төслүүдэд мэдээлэл хүргүүлэхгүй.

3. Эхний шатанд тэнцсэн төслүүдтэй биечлэн танилцуулах ярилцлагад урина.

4. Шалгарсан төслүүдтэй гэрээ байгуулах тухай мэдээлэл хүргүүлнэ.

Төслийг шалгаруулахдаа үндсэн 3 шалгуур үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд:

1. Төслийн хэрэгжих боломжит байдал /бодитой байдал/

2. Зах зээлд нэвтрэх боломж/ашигт байдал

3. * Шинэ технологийн төсөлд – шинэлэг буюу инновацилаг байдал

* Ногоон технологийн төсөлд – тухайн технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөө

Үндсэн шалгуур үзүүлэлтийн оноо тэнцсэн тохиолдолд туслах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.

4. Байгаль орчинд үзүүлэх нөлөө

5. Нийгэмд үзүүлэх нөлөө

6. Ажлын байр нэмэгдүүлэх эсэх

Жич:

Төслийн загвар маягт болон төсөл бэлтгэх зааврыг тус зарын холбоосоор орж татаж авна уу!

Тодруулга авахыг хүсвэл: [email protected] цахим хаягаар хандана уу.