Төрийн захиргааны албан хаагч төрийнхөө өмнө тангараг өргөх ёстой. Үүний дагуу өнөөдөр Орхон аймгийн төрийн захиргааны албанд ажиллаж буй Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын 8 албан хаагч тангараг өргөлөө.

Төрт ёс үүсэн бий болсон цагаасаа хойш утга агуулагаараа улам бүр баяжиж, хөгжиж ирсэн түүхтэй. 1990-ээд оноос манай орны эдийн засаг, нийгмийн харилцааны шинэ тогтолцоонд шилжиж, чөлөөт ардчилсан, иргэний шинж чанарыг гүн гүнзий агуулсан шинэ үндсэн хууль батлагдан гарсан нь төрийн албаны харилцаа, чиг үүргийг улам бүр тодорхой болгох шаардлагыг бий болгосон юм.

Иймээс Улсын Их Хурлаас 1994 онд “Төрийн албаны тухай” хуулийг батлан гаргасан. Уг хууль батлагдсанаар төрийн албаны харилцаа өөрийн гэсэн тусгай хуулиар зохицуулагдаж, төрийн албан хаагчдын эрх, үүрэг үйл ажиллагааны хэм хэмжээ хуулиар баталгаажин хэрэгжих эрх зүйн орчин бүрдсэн билээ. Энэ хугацаанд төрийн албыг тогтвортой байлгах, чадварлаг мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэх, улс төрөөс ангид байлгах зарчимд тулгуурлан 2002, 2008 онд хоёр удаа нэмэлт өөрчлөлт хийсэн.

2019 оны 1 сарын 1-нээс  Төрийн албаны тухай” хуулий шинэчилсэн найруулга   мөрдөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хууль урьдах хуулиас зарчмын хувьд цоо шинэ хууль болсон. Энэ хууль төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, төрд орж ажиллах иргэдэд тавигдах шаардлага өндөрсөн, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг чангатгасан. Төрийн албаны томилгоо бүхэн зөвхөн шатлан дэвших зарчимд үндэслэж хийгдэхийг хуульчилсан, төрд хохирол учруулсан албан тушаалтан эдийн засгийн хариуцлага хүлээх болсон.

Төрийн алба нь дотор төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэсэн ангилалтай. Төрийн захиргааны албан хаагч нь ерөнхий болон тусгай шалгалт өгч тухайн албан тушаалдаа тодорхой туршилтын журмаар ажиллан төрийн захиргааны албыг нэр төртэй хааж чадахаа төрийнхөө өмнө харуулсан байх журамтай.

Мэдээллийн төв