Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин Магсаржаламын Баярмагнай 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ. 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт элссэн. 2006 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар “Маск” продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай явна.

Гэрийнхэн нь М.Баярмагнайг “Монхоо” гэж дуудаг гэнэ. Жүжигчин маань багадаа сургуулийнхаа урлаг спортын бүхий л арга хэмжээнд оролцдог идэвхтэй бас авьяаслаг нэгэн залуу байжээ. Түүний баг 1994 онд волейболын улсын аварга болж байсан гэнэ шүү.

Тэрээр цахимд идэвхтэй нэгэн бөгөөд өөрийнхээ талаарх инээдтэй дурсамжаа хуваалцаж бусдад инээд бэлгэдэгээ. Цахим хуудаснаа “Бага байхад зуны даалгавар гэж үнэн зовлон байдаг байж билээ. Хийхгүй хэрнээ зунжингаа шаналаастай.Одооны хүүхдүүд шаналдаг болов уу. 9Г М.Баярмагнай” хэмээжээ.