Монгол гэр бүлийн дунд судалгаа хийж үзэхэд 4 залуу гэр бүл тутмын нэгд нь үргүйдлийн тулгамдсан асуудал нүүрлэж байна гэсэн дүн гарчээ.

Тиймээс ч үргүйдлийн оношилгоо эмчилгээний зэрэгцээ үр шилжүүлэн суулгах эрэлт хэрэгцээ ихэссээр байгаа юм. Монгол Улсад үр шилжүүлэн суулгах аргыг амжилттай нэвтрүүлснээс хойш өнөөдөр таван төв үйл ажиллагаа явуулдаг.

АУ-ны доктор,дэд профессор Э.Одхүү “Нийт үргүйдэлтэй гэр бүлийн 55 хувьд нь эмэгтэй шалтгаантай, 40 орчим хувь нь эрэгтэй шалтгаантай, үлдсэн хувь нь шалтгаан тодорхойгүй байдаг. Монгол Улсад нийт 360 орчим мянган гэр бүл байгаагийн 36 мянган нь үргүйдэлтэй гэсэн тоо баримт гарсан байгаа” гэлээ.

Үндэсний хэмжээний судалгаанаас харахад үргүйдлийн тархалт 7,5 хувьтай байна.
Хэрвээ иргэд хорт хавдрын хими, туяа эмчилгээнд орох гэж байгаа болон өндгөн эсийн нөөц бага байгаа тохиолдолд болзошгүй эрсдэлээс сэргийлж, бэлгийн эс, үр хөврөлөө хөлдөөж хадгалуулах боломжтойг мэргэжлийн эмч нар зөвлөлөө.
Харин олон нийтийн дунд байдаг үр шилжүүлэх суулгах аргаар төрсөн хүүхдүүд богино настай байдаг, төрөлхийн үргүйдэлтэй байдаг гэсэн яриа хэр үндэслэлтэй эсэхийг мэргэжлийн хүнээс тодруулахад “Дэлхий нийтийн хувьд насжилт богино, үргүйдэлтэй байдаг гэсэн тоо баримт байхгүй” гэв.