Өнөөдөр 10:30 цагт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат болон Аймгийн Онцгой Комиссын шуурхай штаб мэдээлэл хийлээ.

Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан зөвшөөрөгдсөнөөс бусад 116 байгууллагыг үйл ажиллагаа явуулахгүй байх чиглэл өгсөн байна.
Аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай, томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэлийн ажил 12-ны өдрөөс эхлэн хийгдэж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 28115м2 талбайд ариутгал хийгджээ.
Аймгийн цагдаагийн газраас 7 чиглэлд 7 пост байршуулж 14 албан хаагч, гудамж талбайд 8 чиглэлд 16 албан хаагч ажиллуулж эргүүл шалгалтын ажлыг хийж, иргэдэд заавар зөвлөмж өгч байна.
Мөн иргэд оршин суугчдад коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг анхааруулсан дуут мэдээллийг 10:00-19:00 цагийн хооронд зарлан мэдээлэхээр шуурхай албаны гурван авто машин байна.
Хүнсний бүтээгдэхүүний нөөцийн тухайд 12 нэр төрлийн бүтээгдэхүүний нөөцийн мэдээлэл гаргасан. Үүнээс Гурил 30 хоног, Махны нөөц 15 хоног, Будаа 19 хоног, Хүнсний ногоо 410 хоногийн нөөцтэй байна.
11-р сарын 12-ны шөнө манай аймагт тусгаарлалтад 3 иргэн ирсэн бөгөөд сорьцын шинжилгээ авсан. Хариу нь маргааш гарах юм байна.
Аймгийн Онцгой Комиссын шуурхай штабын зүгээс иргэд гар барьж мэндлэхгүй, хоорондын зайгаа барьж, бага насны хүүхдээ дагуулж гадуур явахгүй, амны хаалтаа тогтмол зүүхийг анхаарууллаа.
Түүнчлэн өнөөдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Гамшгаас хамгаалах ерөнхий зөвлөлийг байгуулахаар болсон байна. Хуулийн дагуу тус зөвлөлийн даргаар ИТХ-ын дарга ажилладаг ажээ.

Мэдээллийн төв