Сэрэмжлүүлэг: С.Баярцогтыг цагдан хорих шийдвэр гаргасан шүүгч ял сонсов

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсныг түдгэлзүүлсэн  Буриад овгийн С.Б гэгч нь бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдсан болох нь тогтоогджээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзсэн байна. Уг хэргийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Шүүгчээр ажиллаж байсан С.Б нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-Март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 991900.. дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэсэн байна. Улмаар Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мөнхбаярын эзэмшиж байсан 991900.. дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мөнхбаярын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, 991900.. дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулсан хэргийг үйлджээ.

Энэ хэрэгт Мобиком корпорацийн ажилтанг мөн шалгасан. Улмаар шүүгчийг болон Мобиком корпорацийн ажилтан хоёрыг гэм буруутайд тооцсон. Тэдэнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 600 000 төгрөгөөр торгох ял оноосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020-10-29-ны өдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгч хүн гэмт хэрэг үйлдсэн болох нь анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоогдож байгаа юм.

Эндээс хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол ял сонссон шүүгч нь С.Баярцогтын цагдан хориог шийдсэн аж. Тэрбээр өөрийг нь хэлмэгдүүлж байна гэж үзэж байгаа аж.

Тэрбээр ийнхүү мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагджээ. Тодруулбал, Б.Мөнхбаяр нь шүүгч С.Б намайг цагдан хорих шүүх хуралдааныг явуулж байхад нөлөөлсөн зурвас явуулснаа хүлээн зөвшөөрсөн байдгийг түүний мэдүүлгээс тодорхой харж болох бөгөөд энэ үйлдлээ нуун далдлахын тулд намайг Ц.Зтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн болгох жүжгээ зохиож, үүндээ итгүүлэх зорилгоор үйлдлүүдээ араас нь хийсэн байдаг.

Яагаад би ингэж хэлж байна гэхээр 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 12 цаг 51 минутын үед Б.Мөнхбаяр өөрийнхөө 991900.. дугаарын утаснаас намайг яллагдагч С.Баярцогтын цагдан хорих шүүх хуралдааныг хийж байх үед миний 991944.. дугаарын утас руу “юу нь 15 хоног вэ” гэж зурвас бичсэн болно.

Уг зурвас ямар утгатай зурвас байсан гэхээр шүүх хуралдаан болохоос өмнө 5 минутын өмнө Б.Мөнхбаяр намайг өөрийнхөө өрөөнд дуудаж уулзаад “С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гаргаарай, дээрээс том ярьж байна, прокурорууд 30 хоногийн хугацаанд юу ч хийгээгүй юм шиг байна лээ шүү” гэж хэлэхэд би хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын нөлөөнд үл автаж С.Баярцогтыг 15 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Ингээд хурлын дараа Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр миний өрөөнд орж ирээд “чи яагаад 15 хоног хорьчихвоо гэж уурлаад би чамд дээрээс том яриад байна гэж хэлээд байхад “хорьчих юм аа, араа өөрөө даагаарай” гэж хэлээд миний өрөөнөөс гараад явсан. Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10 цаг 00 минутад Б.Мөнхбаяр өөрийнхөө 991900.. дугаарын утаснаас миний эзэмшлийн 991944.. дугаарын утас руу “Том ярьж байна, хэвээрээ” гэж зурвас бичсэн.

Энэ зурвас ямар утгатай гэхээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих шүүх хуралдаан болохын 10 минутын өмнө Б.Мөнхбаяр дуудаад “за Батжаргалаа том ярьж байна, одоо наад хоёроо гаргаарай, чи өмнө гарга гэхэд С.Баярцогтыг гаргаагүй 15 хоног хорьсон, түүнээс болж би том/Ц.Зориг дарга/-д загнуулсан, одоо хэрвээ гаргахгүй бол чи бид хоёр ажилгүй болно шүү” гэж хэлээд миний хажууд утсаар хэн нэгэн хүнтэй “viber”-аар яриад “өчигдрийн ярьсан зүйл хэвээрээ биз дээ” гээд утсаа салгасан. Ингээд надад хэлэхдээ “би сая чиний хажууд томтой ярилаа, том хэвээрээ гэж байна, тийм учраас гаргаарай, харин таслан сэргийлэх арга хэмжээг нь гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ аваарай” гэж хэлсэн. Ингээд намайг хуралд орсны дараа миний утас руу дээрх зурвас буюу надад ярьж байсан зүйлээ бататгах гэж юм уу, эсвэл өөрөө ямар нэг баримттай үлдэх гэсэн юм уу “Том ярьж байна, хэвээрэй” гэсэн зурвасыг миний утас руу бичсэн. Ингээд Б.Мөнхбаярын над руу бичсэн зурвасуудыг хадгалж авсан.” Гэх мэдүүлэг  Мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгчээ.

Мөн давж заалдах шатны шүүхэд : “… Би бодохдоо шүүгч Б.Мөнхбаяр нь “яллагдагч С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээс болж, хэн нэгэн хүний итгэлийг алдаж, эсвэл загнуулснаас болж над руу бичсэн 2 удаагийн зурвас “далдлах” зорилгоор энэ үйлдийг хийсэн юм болов уу” гэж бодож байна. Миний хувьд би энэ үйлдлийг хийх ямар ч шалтаг, шалтгаан, зорилго байхгүй, мөрдөн байцаалтын шатанд ч тогтоогоогүй, хэрвээ энэ Б.Мөнхбаярын сим картыг сэргээсэн үйлдэл нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдээс өмнө буюу С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын цагдан хорих шүүх хуралдаанаас өмнө үйлдэгдсэн бол намайг харин Б.Мөнхбаярын сим картыг сэргээлгээд өөр рүүгээ зурвас бичээд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг гаргачихсан байна лээ гэхэд бүрэн хардах үндэслэл болох байжээ. Ингээд л Б.Мөнхбаяр надтай бүтэн 7 хоног юу ч яриагүй өнгөрсөн. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед өөрийнхөө сим картыг Ц.З гэж хүнээр сэргээлгэчихээд манай эхнэрийн нэр дээр байдаг гар утсыг танил Галбадралаас надад өгөөрэй гэж хэлээд өгсөн утсыг надад өгөлгүйгээр өөрийнхөө сим картыг хийчихээд одоо намайг өөрийнхөө найруулсан жүжгийн гол баатар болгож байгаад гомдолтой байна. Энэ хуурамч, ёс зүйгүй үйлдлийнх нь эсрэг нотлох баримтууд байсаар байхад шүүх огт үнэлж дүгнэхгүй байна. Анхан шатны шүүхийн тогтоосон баримт огт тогтоогдоогүй буюу тийм үйл баримт өнгөрсөн цаг хугацаанд гараагүй, эсхүл прокурор, мөрдөн шалгах байгууллага шалгасан боловч тогтоож чадаагүй байна гэсэн үндэслэлээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс гэмт хэргийн шинжгүй эсхүл ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж С.Б надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. …” хэмээсэн нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа