ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УРИАЛГА

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ.
Эрхэм хүндэт Уурхайчид аа.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 13-нд түүхэн шийдвэр гаргаж төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк, банк бус санхүүгийн байгууллага, крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэрээс бусад бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо.
Улсын хэмжээнд дээрх үйл ажиллагаанд зарцуулах 650.0 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэхээр болж байна.

Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн эхний ээлж ашиглалтанд орж анхны баяжмалаа гаргаж эхэлснээс хойш 42 жилийн хугацаа өнгөрч түүхэн өдөр тохиож байна. Тэртээ 42 жилийн өмнө нэг жилд 4,0 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байсан “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр жилд 32,5 сая тонн хүдэр боловсруулж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
1990 оноос зах зээлийн харилцаанд шилжиж, улс орны хэмжээнд дэлгүүрийн лангуу хоосорч, картын бараагаар иргэдээ арай ядан хангаж, санхүү эдийн засгийн хүндрэлд улс даяраа орж байсан хүнд үеэс эхлэн 30 жилийн туршид “Эрдэнэт үйлдвэр” ачааны хүндийг үүрч улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэн ажилласан бөгөөд коронавируст цар тахал дэлхий даяар тархан, улсын хэмжээнд голомтлон гарч, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин халдварт өвчинтэй тэмцэж, хөл хорио тогтоогдож, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орсон энэ хүнд үед “Эрдэнэт үйлдвэр” дахин ачааны хүндийг үүрч байна.

Ийнхүү төр засаг, ард иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэн амжилттай ажиллахад “Эрдэнэт үйлдвэр”-ийн анхдагчид, үе үеийн ажиллагсад , өнөөдөр тус үйлдвэрийг амжилттай ажиллуулсаар яваа уурхайчид болон тэдгээрийн гэр бүл, хамт олны уйгагүй нөр их хөдөлмөр, зүтгэл, ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна.
Эх орон, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан үр дүнтэй хөдөлмөрлөж яваа “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчин хамт олондоо Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа түүхэн шийдвэрийг дэмжиж, цахилгааны эрчим хүчээ хэмнэлттэй хэрэглэж, хэт ачаалал үүсгэхгүй байх, усны хэрэглээн дээрээ иргэн бүр хяналт тавьж, аль болох усыг гамтай ашиглан, дулааны эрчим хүчний алдагдалгүй байхад анхааран орц, хаалга, цонхоор дулаан алдахгүй байхад анхаарч хамтран ажиллахыг нийт Эрдэнэтчүүддээ, байгууллага, аж ахуйн нэгжүүддээ хандан уриалж байна.

“Эрдэнэт үйлдвэр” улс эх орныхоо өмнө энэхүү хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа энэ цаг үед аймгийн хэмжээнд коронавирус /ковид-19/-ийн халдвартай тэмцэх ажлаа улам эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн халдваргүй эрүүл бүсийг бий болгох шаардлага Эрдэнэтчүүд бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна.
Эрдэнэтчүүд бид халдварт цар тахлаас гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалж, хувь хүний хариуцлагаа байнга ухамсарлан сонор сэрэмжтэй ажиллаж, амьдрах цаг үе ирээд байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд ачааны хүндийг үүрч байгаа Үндэсний шилдэг аж ахуйн нэгж, Манлай татвар төлөгч байгууллага, Олборлох үйлдвэрийн ил тод байдлыг хэрэгжүүлэгч шилдэг компани, Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын шилдэг байгууллага Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчин хамт олондоо болон тэдгээрийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Орхон аймаг, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ажиллацгаая.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ СЭМЖИДИЙН БАТЖАРГАЛ