Улс төрийнхөн дундаа орчин цагийн “Исмэл” сайд гэгддэг, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж хоёр хүүтэй. Том хү Н.Анхбаяр нь өдгөө 36 настай ч төрийн албанд 14 жил ажилласан нэгэн.

Тэрээр “сайн” аавын буянаар Гадаад харилцааны яамны гэрээ, эрхзүйн газрын дэд захирал, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, Олон улсын гэрээ, эрхзүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал, одоо Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Мөн энэ хооронд хоёр жил АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консул байсан нэгэн.
Харин бага хүү Н.Баясгаланг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Түүнийг өнгөрсөн хавар Ц.Нямдоржийн 370 сая төгрөгийн үнэ бүхий “оффшор” автомашины дуулиан дэгдэх үеэр хүмүүс мэддэг болсон. Учир нь эрхэм ноён Ц.Нямдорж Хууль зүйн сайдаас буухдаа төрсөн хүү Н.Баясгалангийнхаа “Кластер” ХХК-д тус автомашиныг шилжүүлсэн байдаг. Н.Баясгалан гэр бүлийнхээ бизнесээ хариуцаж яваа. Түүний нэр дээр “Ажиагюлф трейдинг” ХХК, “Анлимитед” ХХК, “Баясгалант медикал” ХХК, “Кластер” ХХК, “Кластер дайнинг” ХХК, “Электролэд холдинг” ХХК, “Агт говь майнинг” ХХК-иуд бүртгэлтэй байдаг.

Нэмээд хоёр хаус, долоон байртай гэх мэдээлэл бий. Дээрх компаниудаас илүү ажиллагаа нь арай ил тод байдаг нь “Кластер” ХХК.
Н.Баясгалан нь “Кластер” ХХК-иараа дамжуулан эрх баригч МАН-ын төв байр буюу Тусгаар тогтнолын ордны хоёр давхарт “Eclipse” гэх тансаг зэрэглэлийн ресторан ажиллуулдаг байсан. Ажиллуулаад их удсан.

Нэг дор 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай, хурим найр, ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг тансаг зэрэглэлийн ресторанд тооцогддог байсан. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сард үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа цахим хуудсаараа мэдэгдэж, үнэнч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчсөн байна лээ. Ц.Нямдоржийн нас явж, эрх мэдэл нь хумигдахын эрхэнд эрх баригч намын төв байранд ресторан ажиллуулж, архи, виски зарж, хоол ханхлуулаад байх хэцүү болсон байх л даа.

Бага хүү Н.Баясгалангийнх нь эхнэр Б.Урантуул нь нэр дээрээ гурван байртай гэх мэдээлэл байдаг. Улсын бүртгэлд бүртгүүлснээр бол тухайн байрууд дээрээ Японы иргэнтэй хамтран хоёр ч гоо сайхны үйлчилгээний компани байгуулсан бүртгэл байдаг юм билээ.