Урд хил хаасантай холбоотойгоор зарим нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгсэл, бүтээгдэхүүний хомсдолд орж эхэлжээ.

Тухайлбал, натрийн 0,9 шингэн эмийн сангуудаар олдохоо больсон, олдсон нь үнээ “хаданд гаргаж” байгаа талаар иргэд хэлж байна.

Манай улсад эмнэлэгт хордлого тайлах, тарилгын, глюкозын гэх мэт олон төрлийн шингэнийг хэрэглэдэг. Уг натрийн шингэний 70 орчим хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг аж.

Гэвч тодорхой бус шалтгааны улмаас тус шингэний нийлүүлэлт буурсан бөгөөд үйлдвэрүүд нь зөвхөн эмнэлгүүдэд хуваарилалт хийж байгаа аж.

Энэ талаар ЭМЯ-ны сайд С.Энхболд мэдээлэл өгөхдөө “ЭМЯ-наас эмнэлгүүдийг 1-2 сар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх албан даалгавар өгсөн. Тиймээс одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдол үүсээгүй.

Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Энэ хүрээнд, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татаж авчрах, мөн агаарын тээврээр татан авах чиглэлээр ажиллаж байна. Энэ онгоцоор эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирна. Дотоодын эмийн үйлдвэрлэл болон эмнэлгийн хэрэгслийн түүхий эд болох шприц, дуслын систем, сав баглаа боодлыг яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байна” хэмээн ярьсан байдаг.


Сүүлийн үед ковидын тархалт эрчээ авч буй учраас зөвхөн монголд гэлтгүй дэлхийн олон оронд эмийн хэрэгсэл, зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хомсдолтой нүүр тулаад байгаа билээ.