Зургийн тайлбар: С.Баяр, Д.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт /буланд цаашаа харж зогссон/

Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ. Ялтан С.Баяр, Ч.Давааням нар шүүх хуралд цахимаар оролцсон юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэл тогтоолтой ялтан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Улмаар шүүхийн санаачлагаар С.Баяр нарт холбогдох хэргийг 2020.12.03-ны өдөр товлогдсон С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэхээр тогтоол гарсан байна.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020.7.17-ны өдөр Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 4 жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял  оноосон. Уг  шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэж хэргийн оролцогчид давж заалдах шатны шүүхэд хандсан нь 2020.12.03-ны өдөр товлогдоод байсан тул ийнхүү хэргийг нэгтгэжээ.

Анхан шатны шүүхээс Eрөнхий сайд асан С.Баярт тав, “Пeтровис”-ын Ч.Даваанямд хоёр жилийн хорих ял оноосон. Улмаар С.Баяраас хууль бусаар олсон орлого болох 5 тэрбум 580 сая 440 төгрөг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн үнэлгээтэй АНУ-д байрлах орон сууцыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Хэргийг эргэн сануулахад, С.Баяр нь 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор: Найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418 385 173 982.34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюу толгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлыг урвуулан ашиглах/-ийн 263.2 дахь зааснаар, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11 643 000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3 569 148.56 ам.доллар буюу 5 580 444 637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-ийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус гэм буруутай болох нь тогтоогдож анхан шатны шүүхээс ял сонссон юм.

С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж дөрвөн жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж гурван жилийн хорих ял тус тус шийтгэсэн. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж дөрвөн жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан гурван жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жилийн хорих ял,

Б.Ариунсан, Б.Бадрал нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1.6 жил хорих ял тус тус шийтгэсэн юм.

С.Бая, С.Баярцогт нарын хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа