Хавтаст хэрэг: Цуврал № 3 Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулахаасаа өмнө ингэж мэдүүлэв

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр

  • УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат,
  • УИХ-ын гишүүн асан Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор,
  • Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал,
  • Зам тээврийн сайд асан Д.Ганбат,
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд,
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам,
  • “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Санжаадорж нар жил дамнан АТГ-т шалгагдсан. Тэдний гэм буруутай гэж 2020-08-27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн. Бид уг хэрэгт хэн хэн ямар оролцоотой байсан, тэд энэ хэргийн талаар юу гэж мэдүүлсэн, шүүхээс тэдэнд ямар үндэслэлээр ял оноосон болохыг цувралаар хүргэж байна. Эхний цувралаар дээрх долоон хүн ямар хэрэгт буруутгагдсан талаар бэлтгэсэн. Хоёр дахь цувралаараа Д.Эрдэнэбат өөрийг нь буруутгасан хэргийн талаар хэрхэн мэдүүлснийг хүргэсэн.

Энэ удаад Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал шүүхийн шатанд холбогдсон хэргийнхээ талаар юу гэж мэдүүлснийг хүргэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал: Яллах дүгнэлтэд Төв банкны үйл ажиллагаа болон гаргасан шийдвэртэй холбоотойгоор 13 хуудас баримтыг прокуроруудын зүгээс гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн байна. Төв банкны тухай хууль гарч, Монгол Улсад хоёр шатлалтай банкны системтэй болоод 30 жил болж байна. Төв банк нь ямар эрх, үүрэгтэй болох, Төв банкны Ерөнхийлөгч гэх албан тушаалд ямар бүрэн эрхүүд олгогддог, тэр бүрэн эрх нь хэрхэж хэрэгждэг тухай шүүхийн шатанд түүхэндээ гурван удаа мэтгэлцэж маргаж үзэх гэж байна. Төв банкны үйл ажиллагаа, төв банкны санхүүжилт хийгддэг тухай гэрчээр сүүлийн 4 жилийн хугацаанд 100 гаруй мэдүүлэг өгсөн. Арав гаруй хэрэгтээ холбоотойгоор гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр мэдүүлгүүд өгсөн байна. Энэ удаад үнэт цаас худалдаж авсантай холбоотой асуудлыг энэ яллах дүгнэлтэд тусгасан байна. Төв банкны үндсэн үйл ажиллагаа гэдэг нь нийт эдийн засгийн дотор байгаа мөнгийг нийлүүлэх үүрэгтэй хүмүүс байдаг.

Цахилгаанаар болон цаасаар хэвлэдэг. Бид Засгийн газар биш, энэ сайд нар улсын төсөвт татвараар цуглуулсан мөнгийг тарааж өгөх үүргийг хүлээдэг хүмүүс юм. Төв банк гэдэг тэс өөр ойлголт, намайг ажил авахад Монгол Улсын эдийн засаг нийт 7 их наяд төгрөгтэй байсан бол ажлаа өгөхөд 11 их наяд төгрөг байсан. Өнөөдөр 23 их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт эргэлдэж байна.

Энэ бүх мөнгө Төв банк руу орж гардаг. Ээнэ мөнгө орж гарахдаа зээл, санхүүжилт зэрэг маш олон хэлбэрээр гардаг. Үүнийг хуулиар зохицуулсан. Мөн хориглосон заалтууд байгаа. Прокурорын яллах дүгнэлтэд 27.1 дүгээр зүйлд заасан хориглох үйл ажиллагаанаас иш татаж үндэслэл болгосон. Аж ахуйн нэгжтэй харьцаж болохгүй, арилжааны зээл, аливаа төрлийн гүйлгээ хийж болохгүй гэж заасан. Энэ бол хориглох зүйлүүдийн нэг нь мөн. Гэхдээ 27 дугаар зүйлийн Нэгдүгээр хэсэгт ямар зүйл хамаарахгүй вэ гэдгийг заасан. Өр төлбөрийг барагдуулах хэсэгт нэгдүгээр хэсэгт ямар зүйлүүд хамаарахгүй вэ гэдгийг заасан. Өр барагдуулах зорилгоор үнэт цаас авч болно. Өр барагдуулах зорилгоор үндсэн хөрөнгө авч болно гэдгийг 27 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан. Энэ заалт Төв банкны тухай хуульд анхнаасаа байсан. Төв банк үнэт цаас худалдаж авч болно, болохгүй тухай маргаан байхгүй. Төв банкны төлбөр, тооцооны мэргэжилтнүүдээс гэрчүүдийн мэдүүлэг авсан байдаг. Төв банкны ажилтнуудын ихэнх нь арилжааны зээл өгдөггүй. Энэ үнэн, арилжааны зээлийг аж ахуйн нэгжүүдэд шууд өгнө гэж байхгүй. Гэхдээ Төв банкнаас гарч буй бүх санхүүжилт арилжааны банкнуудаар эсвэл Засгийн газар, Сангийн яамаар дамжин иргэд, аж ахуйн нэгж, өрх гэрт хүрдэг. Энэ мөнгөний эцсийн хэрэглэгч нь тэд нар юм. Энэ зааг, ялгаан дотор 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заалт буюу буцааж өр төлбөртэй үнэт цаас авч болох, үгүйг төлбөр, тооцооны мэргэжилтнүүд хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл дутуу нь ойлгомжтой. Мэддэг хүмүүс нь маш тодорхой мэдүүлэг өгсөн. Төв банк үнэт цаас худалдаж авч болно.

“Кью Эс Си” ХХК-тай холбоотой 100 тэрбумын гэрээний асуудлыг яллах дүгнэлтдээ оруулсан. Монгол Улсын Төв банкны баланс дээр баримжаагаар 4 их наяд төгрөгийн үнэт цаас байдаг. Хамгийн бага нь та бүгдийн мэддэг 8 хувийн зээл юм. Зээлийг Төв банк нь арилжааны банкнуудад өгдөг, банк нь иргэдэд өгдөг. Иргэдэд өгсөн зээлийг банкнаас хаахын тулд МИК гэх гуравдагч этгээдийн үнэт цаасыг Төв банк баланс дээрээ бичиж авдаг. 4 их наяд төгрөгийн Аж ахуйн нэгжийн үнэт цаас байгаа. Энэ нь журмаар зохицуулагддаг. Энэ бол бүх улсын төв банкнуудын хийдэг үндсэн үйл ажиллагаа юм.

2020 онд вирусээс болж эдийн засгийн хямрал үүссэн. Би 2012-2016 онд Төв банкны Ерөнхийлөгч байсан. 120 доллароор зарагдаж байсан нүүрс 30 доллар болсон. Монгол Улсад жилд 4 тэрбум доллароор орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт нь хоёрхон жилийн дотор 500.000.000 төгрөг болтлоо багассан. Нүүрсний орлого нь одоо 4 тэрбумын орлого олдог бол тэр үед 400.000.000 төгрөгийн орлого олж байсан. Ийм үед Төв банкны үйл ажиллагаанд Улсын Их хурлаас тогтоолоор уламжлалт бус бодлого хэрэгжүүлэхийг үүрэг болгодог. Уламжлалт бус бодлого гэдэг нь урьд хийсэн зүйлээсээ арай өөр зүйл хий гэсэн үг юм. Зээлийн барьцаанд үнэт цаасыг авч болно. Монгол Улсын Төв банкны баланс дээр хувьцаа ч хүртэл байдаг. Тэгэхээр 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 2 дахь заалттайгаа зөрчилдөж байгаа. “Кью Эс Си” ХХК-ийн хувьцааг худалдаж авах тушаал нь 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг иш татаж үндэслэсэн байдаг. Төв банк нь дотоодын активыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүнийг Улсын Их хурлаас дотоод аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүрэг өгсөн. Монголын нийт эдийн засаг тухайн үедээ 8 их наяд төгрөгийн зээл байсан бол түүний 3 их наяд нь Уул, уурхайн компани байна. Бүгд хямралтай байсан. Уул, уурхайн компаниудын зээл муудахаар банкнууд нь дампуурна. Банкнуудад хадгалуулсан мөнгө алга болдог ийм л үр дагавартай.

Төв банкны өдөр тутмын үйл ажиллагаа нь банкнуудыг дампууруулахгүй байх, эдийн засаг, ажлын байраа хадгалж хэвийн авч явах нь төв банкны үүрэг байдаг. Ингээд ирсэн даалгаврын бид Монгол Улсад байдаг нийт эдийн засаг нь 10 тэрбум, валют болон экспортын орлого сүүлийн хоёр жилд 7 тэрбум байсан болохоос намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед жилд 3-4 тэрбум төгрөгийн орлоготой улс байсан. Үүний 90 хувийн орлого нь уул уурхайгаас бий болдог. Монгол Улсад 90 мянган компани байдгаас 10 хүрэхгүй нь компанийн энэ 90 хувийг өгдөг. Түүний нэг нь Эрдэнэт үйлдвэр юм.

Дотоод активыг сайжруулах хөтөлбөрийн зорилго нь дотоод актив дотроос алийг нь аврах вэ гэдэг Төв банкны бодлого юм. Уул уурхайн үнэ унаж, 120 доллароор зарагддаг нүүрс 30 доллар болчихоор нөгөө компани маань зээлээ төлж чадахгүй дампуурах гээд байсан. Ийм олон компани Монгол Улсад байдаг. Тэдгээрийн үнэт цаасыг Төв банк худалдаж авсан. Зээлийн төлбөрт 27 дугаар зүйлийн 2 дах зааснаар худалдан авсан, ингээд Төв банкны баланс дээр шилжиж ирсэн. Тухайн үед уул, уурхай эрсдэлтэй, хүнд нөхцөлд байсан. Гэхдээ 4-5 жилийн дараа энэ бүх шийдвэр зөв байсан гэдэг нь нотлогдоно. Төмрийн үнэ 3 дахин, нүүрсний үнэ 4 дахин өссөн. Эдгээр бүх компаниуд эрсдэлгүй болсон. Монгол Улс түүхэнд байгаагүй экспортыг сүүлийн хоёр жил хийж байна. Дотоод активын хөтөлбөр зөв байсан учраас хар төмөрлөгийн үйлдвэр, нүүрсний компани зэрэгт яг ийм дэмжлэгүүд очсон. Тэдгээр компаниудыг хөл дээрээ босоод үйл ажиллагаагаа явуулж байна. Хийгээгүй бол ямар үр дагавар үүсэх байсан талаар прокурортой ярилцаж хэд хэдэн мэдүүлэг өгсөн. 90 хувийн орлогоо бүрдүүлдэг энэ активыг хэн сонирхож авах тодорхой, ялангуяа жижиг эдийн засагтай манай улсын хувьд ийм үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй бол олигтой, өөдтэй бүх зүйл нь хүнийх болоод дуусна.

Вирустэй холбоотойгоор маш олон аж ахуйн нэгжүүд ажлын байр, борлуулалтаа алдаж бүгд гацсан. Гэтэл Төв банкнаас 3 их наяд төгрөгийг эдийн засагтаа нийлүүлж, зээлүүдийг нь зохицуулж, шинэ зээл болгон санхүүжилт гаргасан.

Дахин шүүх зааланд энэ төрлийн маргаан гарахгүй гэж бодож байна. Учир намайг ажлаа өгсний дараа 2017 оны Төв банкны тухай хуулиар Төв банкны албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэхгүй тухай хуулиар албан үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг хориглоно гэх хязгаарлалтуудыг тавьсан. Төв банкны дэмжлэг эдийн засгийн мөчлөгөө дагаад гарч, ордог. Дотоод актив нь ийм учиртай хөтөлбөр юм. Ирээдүйд Монголын экспортын 90 хувийг бүрдүүлдэг компаниудаа хямралаар сөгдүүлэхгүй, гадаадад алдахгүй авч үлдэх нь Төв банкны бодлого юм. Энэ бодлогын хүрээнд “Кью Эс Си” ХХК-ийн үнэт цаасыг худалдаж авснаар тухайн компанийн үнэт цаасны үнийг 3 жилийн дотор 3 дахин өсөх бололцоо боломжийг үлдээсэн. Яллах дүгнэлтэд Монгол банк хэзээ ч үнэт цаас авдаггүй, аж ахуйн нэгжүүдтэй харьцахгүй мэтээр өгсөн олон мэдүүлгүүд байна.

Төв банканд миний мэдэж байгаагаар хамгийн багадаа 4 их наяд төгрөгийн аж ахуйн нэгжийн үнэт цаас байгаа. Мөн яллах дүгнэлтэд Н.Золжаргал нь арилжааны зээлийг аж ахуйн нэгжид олгосон гэх яригдсан байна. Тийм зүйл байхгүй, үнэт цаас авсан. Үнэт цаас авсныг арилжааны зээлтэй адилхан мэтээр зарим гэрч нар ярьсан байна. Үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан төлбөр тооцооны хэрэгсэл болдог бүтээгдэхүүн юм. Монгол Улс энэ бүтээгдэхүүнтэй болоод 28 жил болж байна. Вексель бол нэг жилийн хугацаатай бүтээгдэхүүнүүд, үүнийг аж ахуйн нэгж гаргаж болно. Үнэт цаас, бонд, хувьцаа гаргах нь зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авагддаг. Ийм л үнэт цаасыг Төв банк авсан. Энэ бол арилжааны зээл биш, бонд болгон адилхан биш. Бонд нь дотроо хөрвөх бонд гэж бий. Энэ тохиолдолд Төв банкны хувьд хөрвөх бондуудыг авсан. Хөрвөх бонд нь хамгийн хатуу бонд учраас төлбөр нь бүрэн төлөгддөг. Хэрвээ төлөхгүй бол компаниа алдана гэсэн үг.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Төв банкнаас гарсан 800 тэрбум төгрөг байдаг. Бүгд 100 хувь төлөгдсөн.

Бусад нь ч цаг хугацаандаа төлөгдөнө гэдэгт ямар ч эргэлзээ алга, уул уурхайн цикл сэргэсэн, борлуулалт нь сайн байна. Яллах дүгнэлтэд энэ зээл гэж яриад байгаа. Процесс нь хөрвөх үнэт цаас худалдан авсан. Үүнийг Төв банк худалдаж авахдаа тооцоо, эрсдэлийг нь судалсан. Ажлын хэсгийн 03 дугаар сарын 11-ний өдөр эрсдэлийг нь гарга гэх үүргийн дагуу эрсдэл тооцсон. Эрсдэлүүдийг мэдэж байж хэрхэн хаахаа тооцдог. Эрсдэлийг тооцсон ажлын хэсгийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Энэ дүгнэлт дээр эрсдэлүүдийг хэрхэн зохицуулах талаар маш тодорхой байгаа. Яллах дүгнэлтэд 03 дугаар сарын 11-ний эрсдэлүүдийг бичсэн. Тухай эрсдэлүүд нь бодитой, маргаан байхгүй. Гэхдээ үг  үсгийн алдаа гарсан байж магадгүй. Муу эрсдэлүүдийн аль нь ч тохиолдоогүй. Ийм зориулалтаар Төв банк үйл ажиллагаагаа явуулдаг.

Төв банкны үнэт цаас эзэмшилтийн цаана дандаа бодлогын шийдвэрүүд байдаг. Жишээ нь малчдын зээл, орон сууцны зээл гэх мэт. Энэ болгоныг Төв банк худалдаж авдаг. Иргэд, аж ахуйн нэгж, өрх гэрийн амьжиргаанд нөлөөтэй шийдвэрүүд гарч явдаг. Үүнийг төв банкны тухай хуулиар маш тодорхой зохицуулсан. Төв банкны Ерөнхийлөгчид энэ бүрэн эрхийг өгсөн байдаг. Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлд Төв банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тусгасан. 2017 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарим нэг бүрэн эрхийг нь комисс, зөвлөлдөө хуваалцахаар шийдвэрлэсэн. Намайг Ерөнхийлөгч байхад комисс, зөвлөлдөө хуваалцах зохицуулалт байгаагүй. Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол банкны үйл ажиллагаанаас авах шимтгэл, олгосон зээлийн хүү, хэмжээг тогтоох нь төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарна. Төв банк энэ үйл ажиллагаанаас хохирсон зүйл байхгүй.

Прокурорын яллах дүгнэлтэд хохирол нэхэмжлээгүй гэдгийг маш тодорхой бичсэн. Гэрээний хугацаа нь ч дуусаагүй. 2016 оны 4 дүгээр сард гэрээн гарын үсэг зурсан. 2016 оны 7 дугаар сард би өөрийн хүсэлтээр Төв банкны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон. 6 сарын дотор энэ гэрээг дүгнэнэ гэж бичсэн. Долоон сараас хойш гэрээний асуудал юу болсон талаар би хэлж мэдэхгүй. Эрх зүйн хувьд ч хариуцлага хүлээхэд хэцүү, тийм учраас энэ гэрээний талаар бодол санаагаа хуваалцах нь зохимжгүй гэж бодож байна.

Анх гэрээний дагуу зээлийг 21 хувийн хүүтэйгээр олгоод тодорхой хэмжээний валютыг экспортлоод Монгол Улсад оруулаад ирвэл 7 хувь болгож хөнгөлнө гэсэн гэрээ юм. Хэрэв энэ мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол буцааж татах талаар гэрээнд заасан.

Одоог хүртэл энэ гэрээг хууль бус, Төв банкны тухай хуулийг зөрчсөн гэх дүгнэлт гараагүй. Энэ гэрээтэй холбоотой 21 хувийн давуу байдал олгоогүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ гэрээний дагуу авсан мөнгөө хэн нэгэн зориулалтын бусаар зарцуулсан бол тэрийг зохицуулсан заалт гэрээнд байгаа. Зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг яллах дүгнэлт дурдагдсан Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан юм биш үү гэдэг. 4 дүгээр сард “Кью Эс Си” ХХК-ийн үнэт цаасыг худалдаж авах үед мөнгө аль хэдийн гарчихсан байсан. Муу зээл учраас энэ компанийн үнэт цаасаар солих ажиллагаа нь 4 дүгээр сард явагдсан.

Эрдэнэтийн 49 хувийг Засгийн газар авах уу, үгүй юу гэх асуудал нь энэ үйл ажиллагаанаас хойш 2-3 сарын дараа болсон процесс байдаг.

Энэ асуудлыг Төв банктай ярьсан зүйл огт байхгүй. Энэ нь Төв банктай хамааралгүй. Төв банк 4 дүгээр сард шийдвэрээ гаргасан. Төв банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй маргаж буй маш олон хэргүүд байдаг. Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлуудыг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт хэвээрээ байгаа. Төв банкны ерөнхийлөгч Төв банкны тухай хуулийг зөрчсөн эсэх асуудлыг нэгтгэн шийдвэрлэх зүйтэй гэж бодож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.Сүхбат прокурор оролцоогүй нь харамсалтай. Миний ихэнх хэргүүд дээр хяналт тавьж байсан прокурор юм. Н.Золжаргал Төв банкны ерөнхийлөгч байхдаа Төв банкны тухай хуулийг зөрчсөн үү, үгүй юу гэх асуудлаар 10-аад хэрэг байгаа.

Монгол Улсын эдийн засгийн хамгийн эцсийн зээлдэгч гэж ярьдаг энэ байгууллагынхаа эрх, үүргийг зөв авч явъя гэж бодож байвал миний бодлоор энэ хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь энэ хэрэг олон удаа шүүхэд ирдэггүй, 30 жилийн дотор 3 дахь нь юм. Нэгтгэн шийдвэрлэх нь Монгол Улсын эрх ашиг, хувь хүнийхээ хувьд энэ хямралын үед уламжлалт бус бодлого хэрэгжүүлээд улс төр, хэвлэлээр зөндөө гөвүүлсэн.

Миний хувьд амьдралынхаа 4 жилийг шалгах процесст зарцуулж байгаагийн хувьд Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Төв банкны үйл ажиллагаатай холбоотой асуудал нь улс төрд хамааралгүй. Хориглосон үйл ажиллагаа, хориглосонд хамааралгүй үйл ажиллагааг эрхэлсэн үнэт цаасыг Төв банк авсан. Урьд нь ч үнэт цаасыг зөндөө авч байсан. Би Төв банкны тухай хуулийг зөрчөөгүй.

Худалдаа хөгжлийн банкийг анх 1990 онд үүсгэн байгуулагдахад үүсгэн байгуулагчдын нэгээр нь би тэнд ажиллаж байсан.

Намайг 2012 онд Монгол банкны ерөнхийлөгч болоход Худалдаа хөгжлийн банк Должингийн Эрдэнэбилэгийн эзэмшилд байсан. Надаас хамаарсан зүйл байхгүй. Монгол Улсын Их хурлаас намайг 2012 оны 09 дүгээр сард Монгол Улсын Төв банкны ерөнхийлөгч болох эрхийг өгсөн. Энэ эрхийнхээ дагуу Төв банкны тухай хуульд заасан 10 гаруй бүрэн эрхийг надад олгосон. Би Должингийн Эрдэнэбилэгтэй хамааралтай байсан бол Монгол Улсын Их хурал надад энэ эрхийг өгөхгүй. Төв банкны ерөнхийлөгч болохоос надад Должингийн Эрдэнэбилэгтэй хамтарсан бизнес байгаагүй. Гэр бүл, хамаатан садны хүмүүст ч байхгүй.

Би амьдралынхаа 15 жилийг төрд, 15 жилийг хувийн секторт ажилласан байна, 26 настайгаасаа Монголын санхүүгийн салбарт ажиллаж эхэлсэн. Надтай танил биш хүн олоход хэцүү, Должингийн Эрдэнэбилэг тэд нарын нэг нь юм.

Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банктай хийсэн гэрээнүүдийг тооцох юм бол асар олон байгаа.

Танилын хувьд онцгой давуу эрх олгосон болон хамтарч хийсэн зүйл байхгүй. Би ёс зүйгүй үйлдэл хийдэг хүн биш. Танил гэх шалтгаанаар буруутгагдах нь үндэслэлгүй. Манай өмгөөлөгчийн хэлснээр “Кью Эс Си” ХХК-ийн захирал Должингийн Эрдэнэбилэг мөн юм уу, энэ талаарх баримт байгаа эсэх нь эргэлзээтэй. Харин Худалдаа хөгжлийн банк Должингийн Эрдэнэбилэгийн эзэмшилд байдгийг мэднэ, Төв банкны ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд харьцаж байсан. Тэр банктай өглөг, авлага, өдөр тутмын олон тэрбум, их наядын гүйлгээ хийгдэж байсан. Би Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа баримжаагаар уламжлалт бус бодлогын хүрээнд 7-8 хөтөлбөр хэрэгжүүлсэн. Түүний нэг нь энэ маргаан дагуулаад байгаа дотоод актив сайжруулах байсан юм. Энэ хөтөлбөрүүдийн ихэнх нь олон зуун саяын хөтөлбөр байдаг. 4 их наяд нь ипотекийн 8 хувийн зээл байна. Монголын өрх гэр, амьжиргаа, нийгэмд хамгийн их өөрчлөлт доргио цочроо өгсөн зүйлүүдийн нэг нь юм. 70-аад мянган орон сууц баригдаж, 100-аад мянган өрх гэр орсон. Улаанбаатар 200 мянган орон сууцны фонттой, тэр нь энэ хөтөлбөрийн хүрээнд бий болсон байдаг. Хямралын жилүүдэд энэ орон сууц, ажлын байрыг бий болгохын тулд Төв банк бүх анхаарлаа хандуулж, үр дүнтэй ажлаа хийсэн гэдгийг статистик тоо баримт нотолгоо нь хангалттай байдаг. Инфляц 2 хувьд хүрсэн. Ажлын байраа алдаагүй. Төв банкны үйл ажиллагааг дөрвөн жил удирдахдаа маш хариуцлагатай хандаж байсан. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажилтайгаа холбоотойгоор Авлигатай тэмцэх газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, прокурорын байгууллагынхантай хамтарч ажилласан. Бүх газар нь мэдүүлэг өгсөн. Ажил эрхлэхээс гадна хийсэн ажлынхаа талаар үнэн зөв тайлбарыг өгөх нь миний үүрэг гэж боддог. Би энэ хэргийн материалуудтай анхнаасаа сэтгэл гаргаад танилцсан. Энд шалгагдаад сууж байгаа хүмүүсээс миний хувьд хууль хяналтын байгууллагад шалгуулах процесс нь хамрах хүрээ өргөн, маш олон сэдвээр хийгдсэн. Энэ бол зөвхөн хэсэг нь учраас бусад хэргүүдтэй нэгтгэн шийдвэрлэх ач холбогдолтой.

Төв банкны дараа дараагийн ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд надад үүсгэсэн хэрэг нөлөөлөөд байгаа юм. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хямралын үед аж ахуйн нэгжүүдийн үнэт цаас, бондыг худалдаж авах, авахгүй асуудлаар Улсын Их хуралд хууль гаргахад “үнэт цаасыг нь худалдаж авахыг дэмжих” гэсэн заалтыг тодотгуулсан заалт хийлгэж авсан байдаг. 2020 оны 4, 5 дугаар сард ковидийн эсрэг хуулиар Төв банк аж ахуйн нэгжүүдээ дэмжиж үнэт цаасыг нь авна гэх заалтыгаа хэрэгжүүлэх гэсэн заалтыг миний дараа дараагийн ерөнхийлөгч гаргасан байна.

Намайг ажлаа өгөхөд Баярсайхан гэх хүн ерөнхийлөгч болсон, миний худалдаж авсан Төв банкны баланс дээр байгаа үнэт цааснууд хууль бус байсан бол буцаах бүрэн эрх нь тэр хүнд байсан.

2016 оны 07 дугаар сараас хойш би албан тушаалтан биш, шалгагдаад явж байгаа иргэн, миний мэдэж байгаагаар энэ гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ гэрээнд маргаантай асуудал байдаг. Хүүг нь 21-ээс 7 хувиар тооцох нь үндэслэлтэй эсэх, нөхцөлөө биелүүлсэн үү, үгүй юу гэх асуудал байдаг гэж ойлгож байна. Өөр нарийн мэдээлэл надад байхгүй, хавтаст хэрэгт авагдсан хэмжээнд үзсэн. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд Төв банк оролцоогүй. Хэн нэгэн хүн хууль ёсны дагуу Төв банкнаас авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүй бол өөр хуулиар шийдвэрлэгдэнэ. Төв банк болон тодорхой нэгэн аж ахуйн нэгж харилцаанд гарсан аливаа нэгэн зөрчил байхгүй. Монгол Улсын гүйлгээнд хэрэглэгдэж өрх гэр, аж ахуйн нэгж нь ашиг олж байгаа мөнгөний эх үүсвэр нь Төв банкнаас эхлэлтэй.

Ингэж Төв банкны ерөнхийлөгчийг хэрэгт татаад байвал Монгол Улсад болж буй бүх хэрэгт Төв банкны ерөнхийлөгч татагдах ёстой болно. Дуусахгүй процесс руу Төв банкны ерөнхийлөгчийг чирээд байна.

Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хязгаарыг давж үнэт цаас худалдаж авсан гэх асуудлаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Бид дараагийн цувралд Сангийн сайд асан Б.Болор, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат болон бусад ялтанууд шүүхийн шатанд хэрхэн мэдүүлсэн талаар хүргэх болно.

 

Холбоотой мэдээлэл

Хавтаст хэрэг: Цуврал № 1- Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулсан хэрэг

Хавтаст хэрэг: Цуврал № 2- Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулахаасаа өмнө ингэж мэдүүлэв