Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, хээл хахууль авсан хэрэгт ар араасаа холбогдож буй талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тухайлбал, тус газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржтой хамт бусдаас 73 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн билээ. Үүнээс өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг бусдыг хясан боогдуулж хахууль авсан үндэслэлээр яллагдагчаар тооцон байцааж эхэлсэн.

Тэгвэл НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Т.Батцэнгэлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэм буруутайд тооцож, 15.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасжээ. Харин хахууль өгөгчийг нь албадан сургалтад хамруулахаар болсон аж. Т.Батцэнгэл дээрх албан тушаалыг хашиж байхдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг үл ойшоож, илрүүлсэн зөрчлөө арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах үүргээ умартан, Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дахь, иргэн Д.Энхтайваны эзэмшлийн “Делта төв”-ийн барилгын дээд талд давхар нэмэхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байхад хяналт шалгалт зохих ёсоор хийлгүй, Барилга ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлт гаргаж өгөхөөр амлаж эхнэрийнхээ дансаар 1.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

Хахууль авсан, өгсөн хүмүүс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар дээрх ял шийтгэлийг ногдуулжээ.