Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан цахимаар хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар

– Орхон аймаг Эрдэнэт хотыг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах,
– Аймгийн ИТХ-ын хороо байгуулах, бүрэлдэхүүн хорооны даргыг сонгож батлах,
– Аймгийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг ИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.
    Хуралдааны эхэнд Аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга А.Түвшинжаргал аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөны товч танилцуулгыг хийлээ.
          Хөгжлийн төлөвлөгөө нь “Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай”  шинэ хуулийн орчинд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог ажээ. Түүнчлэн 2016-2020 онд 18 дэд хөтөлбөр хэрэгжиж байсан бол нэмж 6 дэд хөтөлбөр хэрэгжинэ. Төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
       Орхон аймаг Эрдэнэт хотыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө нь таван жилийн үндсэн чиглэлийн зорилго, зорилтын хүрээнд найман бүлэгт 170 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
      НЭГ: “ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ” зорилтын хүрээнд гурван зорилт найман арга хэмжээ тусгагдсан. Тус бүлэгт Эх хэл, уламжлалт зан заншил, түүхээ дээдлэх,  хотын соёл, зөв хүн болон төлөвших үйл ажиллагааг тусгажээ.  Номын өргөө бүхий цогцолбор барилгыг эхлүүлэх, Даваат, Наран багуудын соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулна.
       ХОЁР:  ЭРҮҮЛ, БҮТЭЭЛЧ, ХӨГЖИХ ТЭМҮҮЛЭЛТЭЙ-ЭРДЭНЭТ ХҮН бүлэгт 5 зорилт 44 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэнээр үр өгөөжөө өгч багш боловсон хүчний мэдлэг боловсрол, ажиллах орчин нөхцөлд дэвшил гаргасан хэмээн үнэлэгдэж “Багш” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болжээ. Мөн 928 суудалтай сургуулийн барилга, Согоот багийн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Яргуйт багийн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна.
        ГУРАВ: АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА бүлэгт 5 зорилт 25 арга хэмжээ тусгагдсан.
Ахмад настанд ээлтэй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд “Ач санах” “Анхдагч” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий сууцаар хангах бодлогыг дэмжин ажиллана. Ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж, жижиг, дунд, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлууд тусгагдсан байна.
       ДӨРӨВ: ЭДИЙН ЗАСАГ бүлгийн хүрээнд 4 зорилт 8 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг өргөжүүлэн, цар тахлаас үүдэн тасалдсан харилцааг сэргээн хөгжүүлнэ.  Банк болон банк санхүүгийн байгууллагыг түшиглэн төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг уриалах замаар “Хүүхэд-Эрдэнэтийн ирээдүй” хадгаламжийн аяныг өрнүүлэн зохион байгуулах зэрэг арга хэмжээ тусгагдсан.
    ТАВ:  ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ-ЭРДЭНЭТ ХҮЧ бүлгийн хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем, “Цахим төрийн үйлчилгээ” төслийг батлуулан хэрэгжүүлж, Иргэд, байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авдаг болох ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хүн амын тоо, байршлыг харгалзан Баян-Өндөр сумын зарим багийг хувааж, баг нэмж байгуулах ажлын бэлтгэлийг хангах зэрэг 3 зорилт 6 арга хэмжээ тутгагдсан байна.
     ЗУРГАА: НОГООН-ЭРДЭНЭТ ХОТ бүлгийн хүрээнд Эко ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх, усны нөөц, усан хангамжийг нэмэгдүүлэх, хотын ойролцоох суурьшлын бус газруудад мод тарьж ойн төгөл зурвас байгуулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр тусгажээ. Нийт 4 зорилт 14 арга хэмжээ тусгагдсан байна.
    ДОЛОО:  АЮУЛГҮЙ, АМАР ТАЙВАН -ЭРДЭНЭТ ХОТ бүлгийн хүрээнд мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг сайжруулах, гэр хорооллын болон орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт шаардлагатай цэгүүдэд камера суурилуулах ажлууд хийгдэнэ. Тус бүлэгт нийт 3 зорилт 19 арга хэмжээ тусгагдсан.
       НАЙМ. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЭРДЭНЭТ ХОТ
Хотын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг төлөвлөж, зам харилцаа, инженерийн дэд бүтэц байгуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Эрдэнэт хотын ДЦС-ын турбогенераторийг СС-50 мВт-аар өргөтгөх ажлыг дуусгана. Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хотын хог хаягдлыг дахин боловсруулах, татан зайлуулах төслийг Польш улсын зээлийн хэлэлцээрийн дагуу ажил эхэлсэн байна.
Мэдээллийн төв