Дөрвөн жилийн өмнө биднийг орой болгон зурагтын өмнө уяж, гэр бүл дотор дэмждэг оролцогчдоо өмөөрсөн хөгжилтэй маргаан хүртэл үүсгэж дөнгөдөг байсан “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн ялагч, модель Б.Цэрэндолгор шүдний эмчээрээ ажиллана гэж боддоггүй ажээ.

Энэ тухайгаа тэрээр “Мэргэжлээрээ ажиллана гэж бодохгүй байна. Харин таваас найман жилийн дараа шүдний эмнэлэгтэй болох зорилготой. Тэр болтол дахин суралцана” хэмээн хэвлэлд ярьжээ. Түүний хувьд “Ариунаа Сүри” брэндийн зураг авалтад оролцож анхны гараагаа эхэлж байжээ. Энэ зураг авалтаас жилийн дараа “Mongolia’s Next Top Model” тэмцээнд оролцож байсан аж.


Тэрээр өсвөр үеийн охиддоо зөвлөгөө өгөхдөө “Өөртөө үнэнч байж, эрэгтэй хүнийг хүндэлдэг байгаарай. Мөн ухаантай, боловсорсон эмэгтэй байж, хүмүүжилтэй байгаарай. Эцэг, эх нь охин хүүхдээ гарч ороход нь их цагддаг. Тэглээ гээд буруудсан юм надад лав байхгүй. Тиймээс эцэг, эхийнхээ үгийг сонсдог байгаарай. Үүнийг би танай сайтад л хэлэхгүй бол өөр хэлэх боломж олдохгүй байх. Манай улсад бэлгийн харилцааны талаарх асуудал тийм ч нээлттэй байдаггүй учраас хүүхдүүд энэ талаар сайн мэддэггүй. Иймээс ариун нандин байгаарай” гэж хэлэх дуртай гэсэн шүү.