Голомттой аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос орон нутагт нь буцаах Монгол Улсын Засгийн газраас түр журам гарсан. Иймд Орхон аймаг Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна.

Өчигдөр буюу 12-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагт 3 автобусаар 89 зорчигч ирлээ. Эдгээр иргэд 119.mn сайтад бүртгүүлж, PCR-ын шинжилгээнд хамрагдсан. Түр журмын дагуу зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна.
Иргэдийг Орхон аймгийн Онцгой комисс Жаргалант сумын постон дээр хүлээн авч, биеийн дулааныг нь хэмжиж, асуумж бөглүүлээд, гар утсанд нь GPS Tracker аппликейшн суулгаж өгч байгаа юм. Иргэд ирсэн өдрөөсөө эхлэн 14 хоног гэрийн тусгаарлалтад байх бөгөөд энэ хугацаанд хамт амьдарч байгаа гэр бүлийн иргэд цуг тусгаарлагдана.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Орхон аймагт ирэх хүсэлтээ илэрхийлсэн 1500 гаруй иргэн байгаа бол Орхон аймгаас Улаанбаатар хотруу явах хүсэлтээ ирүүлсэн 978 иргэн байна.
Улаанбаатар хотоос урьд шөнө ирсэн автобусаар өнөөдөр манай аймгаас иргэд буцах юм байна. Иймд тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийг аймгийн МХЕГ хариуцан хийж байна.

Мэдээллийн төв